Иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох явдлыг таслан зогсоох зорилгоор ажиллаж байна гэв

Налайхын нүүрсний уурхайнуудын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дараах мэдээллийг өгч байна.

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/02 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу газар дээр нь үзэж танилцаж байна.

  - Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулын ажлын технологийн хэрэгжилтийн байдал, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа эсэхийг шалгаж, цуцлах хүртэл арга хэмжээ авах;

  - Тусгай зөвшөөрлийг цуцлуулах эсэх талаар санал боловсруулж, цуцалсан тохиолдолд гарах үр дагаварыг тооцож авах арга хэмжээний санал боловсруулах.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 308 тоот тушаалын дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох явдлыг таслан зогсоох, санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж байна гэв.