“Санг татан буулгаснаар санхүүжүүлэхэд хүндрэл үүссэн"

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хууль санаачлагчаас агаарын бохирдлыг бууруулахын тулд төрийн бүх институцийн оролцоог хангах, уг арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг хангах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулах, мөн Агаарын бохирдлын эсрэг сангийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр төслийг боловсруулсан байна. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасанд үндэслэн хэлэлцэж буй төсөл дэх хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох саналыг Улсын Их Хурлын гишүүд гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай асуудлуудыг санхүүжүүлэх дэмжлэг үзүүлэх тухай төсөлд тусгах саналыг Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар тусгасан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналыг гишүүдийн олонх дэмжжээ. Мөн агаар бохирдуулсны төлбөрөөс иргэнийг чөлөөлөх зохицуулалт тусгасан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон агаарын бохирдлын эсрэг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болох иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн болохыг Байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан юм.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, А.Сүхбат, Б.Саранчимэг, Д.Дамба-очир, Н.Оюундарь, Д.Сарангэрэл нар Байнгын хороодын дарга нар болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулга хийлээ.

Утааг бууруулах, арилгах чиглэлээр олон төрлийн ажил хийж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй, үүний дээр агаарын бохирдлыг бууруулах, арилгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан тусгай санг татан буулгаснаар энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хүндрэл үүссэн. Иймд Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар холбогдох хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир тайлбарлав. Монгол Улсын Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрийг салбар, салбарын мэргэжилтнүүд боловсруулж батлуулсан бөгөөд хөтөлбөрийн дагуу холбогдох байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэллээ. Утааг шийдэх олон гарц, технологийг судалж үзсэн. Харин хөрөнгө санхүү, бүтээн байгуулалт, хугацааны асуудал үүсч байгаа, үүний зэрэгцээ эрх зүйн зарим баримт бичгийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа гэв. Түүнчлэн иргэд хууль журмыг мөрддөггүй, төр засгаас гаргасан бодлогын баримт бичгүүдийг хаа хаанаа хэрэгжүүлдэггүйгээс төвлөрөл, агаар, орчны бохирдол өнөөдрийн төвшинд хүрч иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг хөндөх хэмжээнд асуудлууд үүссэн гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлсэн юм. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүд үүсгэж байгаа тул үүн дээр тодорхой шийдлийг ойрын хугацаанд хийхээс өөр гарцгүй байгааг хэлсэн юм. Ипотекийн зээл болон бага орлоготой иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах хөтөлбөрийн явц, байдлын талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 250 мянга гаруй өрх байгаа ч ердөө 13 хувь нь арилжааны банкны зээлийн шаардлага хангаж байгаа аж. Иймд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ чиглэлээр тодорхой судалгаа хийж, гарц шийдлийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна. Зах зээл дээр худалдаалагдаж буй орон сууцны м.кв-ын үнэ 2 сая орчим төгрөг байгаа бол иргэд м.кв нь 1.2 сая ба түүнээс бага өртөгтэй байгаа тохиолдолд худалдан авах сонирхолтой байгаа аж. Үүний зэрэгцээ нийслэл дэх 100 мянга гаруй өрх эзэмшил газартаа тохижилт хийн гэр хороололдоо амьдрах сонирхолтой байгаа гэдэг судалгаа, мэдээллийг холбогдох газрууд гаргасан байдаг гэлээ. Иймд эдгээр иргэдийн сонирхол, зорилгыг ч гэсэн ипотекийн зээл олгохдоо анхаарах шаардлага үүсч байгаа гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлсэн.

Ипотекийн нийт зээлийн 18.1 хувийг орон нутагт олгосон бөгөөд 2019 онд Сангийн яам уг асуудлыг хариуцан ажиллахаар төлөвлөсөн гэдгийг тэрбээр хэллээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу”, “Сэлбэ” зэрэг 8 дэд төвийг 2015-2020 оны хооронд байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүд хэрэгжүүлж байгааг нийслэлийн удирдлагуудын зүгээс танилцуулав.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хурааж шийдвэрлээд, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна