Харумафүжиг Дэлхийн оддын фантази багт багтаажээ

Германы Бундеслигийн албан ёсны цахим хуудаст өөр спортын тамирчдаас хөлбөмбөгийн фантази багийг бүрдүүлэхэд манай ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийг хаалгачаар тавьжээ. 
Харумафүжиг энэ багт багтаасан учраа тайлбарлахдаа “Харумафүжи бол мэргэжлийн сумогийн хамгийн хөнгөн жинтэй бөхчүүдийн нэг. 2012 онд тэрбээр мэргэжлийн сумогийн сүүлийн 20 жилийн түүхэн дэх хамгийн хөнгөн жинтэй аварга болсон. 

Хэдийгээр дөнгөж 137 кг-ын жинтэй ч гэлээ тэрбээр нэгийн эсрэг нэг тулахдаа өрсөлдөгчдөө айдас төрүүлж, хар дарсан зүүд нь мэт болдог. Мөн 34 настай сумоч ур чадварын хувьд онцгой тамирчин. Тэр бол жинхэнэ хаалт хана болох хүн” гэж өгүүлжээ.

Харумафүжигийн багтсан энэхүү багт баруун захын хамгаалагчаар Формула 1-ийн дэлхийн аварга Льюис Хэмилтон, төвийн хамгаалагчаар тулаанч жүжигчин Дуэйн Жонсон, мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа, зүүн захын хамгаалагчаар нэрт теннисчин Рафаэл Надаль, баруун жигүүрийн хагас хамгаалагчаар америк хөлбөмбөгч Левон Белл, төвийн хагас хамгаалагчаар америк хөлбөмбөгч Том Брэди, UFC-гийн дэлхийн аварга Конор Макгрегор, зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар NBA-гийн од Стефен Карри, довтлогчоор домогт гүйгч Усэйн Болт, NBA-гийн од Дирк Новицки нарыг нэрлэжээ.

Ийм багийг бол хэн ч хүчрэхгүй гэж. Харумафүжиг оруулсан нь үнэхээр бахархалтай сайхан санагдлаа.

Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна