Өвлийн Олимпийн IV наадам: Гармиш-Партенкирхен-1936

  • Зохион байгуулагч орон: Герман улс (Европ тив)
  • Огноо: 1936 оны 2 сарын 6-ны өдрөөс 16-ний өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 28 улс (Европын 23, Хойд Америкийн 2, Азийн 2, Австрали улс)
  • Нийт оролцсон тамирчин: 646 тамирчин
  • Спортын төрөл: 8 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: Олимпийн цэнгэлдэх
  • Нээсэн хүн: Төрийн тэргүүн Адольф Гитлер

Адольф Гитлерийн эх орон Германчууд 1936 онд Өвөл, Зуны Олимпийн наадмыг хоюуланг нь зохион байгуулсан. Гармиш-Партенкирхен-1936 Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Германчууд 1931 онд авсан. Германы өмнөд нутагт орших уулархаг нутаг Бавари мужийн Гармиш-Пантенкирхен хотод болсон Олимпийн наадам нь урд урдны Олимпийн наадмуудаас нэлээд онцлогтой болсон. Өмнөх 3 Өвлийн Олимпийн наадмаас оролцогч улс болон тамирчдын тоогоороо хамгийн өргөн цар хүрээг хамарсан байдаг. Олимпийн наадмын нээлтийг Германы Нацист намын удирдагч А.Гитлер нээсэн юм. Мөн тус Олимпийн наадамд анх удаагаа Олимпийн бамбарыг бадамлуулан асааж, Олимпийн тугийг мандуулсан.

Гармиш-Партенкирхен-1936 Өвлийн Олимпийн наадамд “ногоон” тивийн Австрали, Ази тивээс Турк, Европ тивээс Олимпийн наадмын өлгий нутаг Грек, Лихтенштейн, Испани улсууд анхны “шангаа” татсан ажээ.

Спортын үйл явдлын хувьд мөн багагүй өөрчлөлт орсон. Уулын цанын спорт Олимпийн хөтөлбөрт нэмэгдсэн. Уулын цанын комбинэт буюу холимог төрөл болох доунхилл, слаломын хослолоос бүрдсэн төрөл багтсан. Харин нэгэн сенсаци тухайн үедээ дэгдсэн нь шайбтай хоккейн алтан медалийн төлөөх тоглолтонд Их Британи улсын шигшээ баг Канадын шигшээ багийг хожиж Олимпийн алтан медаль хүртсэн явдал байлаа. Тэгвэл энэ наадмын “од” нь Норвегийн тэшүүрийн тамирчин И.Баллангруд байлаа. Норвеги тэшүүрчин 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн. Харин түүний нутаг нэгт уран гулгалтын тамирчин бүсгүй С.Хени 3 Олимп дарааллан уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн алтан медалийг хүртсэн. Энэ бол Өвлийн Олимпийн наадамд тэшүүрийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмсэн юм.

Б.Бямбабаяр

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна