Д.Золбаяр: Хүн амьд л байвал сэдэв байж л байна

Кино хүчтэй, хүчгүйн тухай ярих яг үнэндээ ямар ч шаардлагагүй  байж болох л юм. Энэтхэгийн кино найруулагч Сатьяжит Рай гэж  нөхөр  “Нийгэмд ямар нэг тодорхой өөрчлөлт авчирсан нэг ч гэсэн кино, тийм найруулагчийг нэрлэ л дээ” гэж бүр 36 жилийн өмнө “Cineaste” сэтгүүлд ярьж байсан байдаг. Гэтэл түүнээс тэс өөрийг хэлэх найруулагч ч бий.

Гол нь... Кино гэж зүйл байгаагүй бол өнөөдөр түүнийг юу энэ хэмжээнд хүрч орлох байсныг таашгүй. Нэгэнтээ кино бол ДАРХЛАГДСАН бас хүн бүрт хүртээлтэй урлаг билээ.

Хэн хүний оюуны  хэрэгцээг хангасан сайн киноны тухай дэлхий дахинд үргэлж л яригдаж байдаг. Бид ч эндээ ярьж л байна. Ороо бусгаа цаг, он жилүүдийг даван өнөөдөр ямар ч байсан амьд л байгаа Монголын кино урлагийн тухайд бид ярих ёстой юм.

 Тиймээс ч найруулагч Д.Золбаяртай уулзаж, ярилцсан. "Аравт", Үхэж үл болно-Чингис хаан" зэрэг кинонуудаараа үзэгчидтэй танил түүний "Чингисийн  хүүхдүүд" кино энэ өдрүүдэд Монголдоо гарч буй. 

- Цасан дунд цагаан нэхий дээл өмсөөд цан хүүрэг татуулсаар давхиж яваа эр хүний тухай кино хийх хүслээ таван жилийн өмнө та ярьсан байсан. Өвөл цагт таньтай уулзаж, ярилцаж байгаа болохоор энэ хүслийн тань талаар эхлээд асуумаар санагдлаа...

- Их гоё сайхан цан хүүрэг татуулсан, цагаан морьтой, цагаан сахалтай, цагаан хөдсөн дээлтэй, хонь хурганы арьсан лоовуузтай эр нүдэнд харагдаад байдаг юм. Гол нь хөрөнгө мөнгө олдох юм бол тэр дүрслэлээ баяжуулаад, үлгэртэй, шилийн сайн эртэй ч юм уу холбоод кино хийж болно. Тухайн үед би гоё Монгол ахуй харуулах юмсан гэдэг сэдэл санаагаа ярьсан хэрэг.

Манай “Монгол фильм” уран бүтээлийн бодлогын хувьд Монголынхоо ард түмний соёл, зан заншилыг сурталчлахыг хүсдэг. Учиргүй трагеди, хүнд хэцүү юм гэхээсээ илүү аль болох эерэг сайн сайхныг хүмүүст мэдрүүлж, ухаарал, бахархал, омогшил төрүүлсэн кино хийх юмсан гэсэн бодол бий. Нийгэм, ард түмэн их стресстэй, дарамтанд байхад нь кино театрт мөнгөө төлөөд ороод ирэхэд нь нэмж дарамтлаад яахав. Хүмүүст сайхан тайвшрал өгөх, гоё бодолд автуулах, эргэн дурсах сэтгэгдлийг төрүүлэх юмсан гэж бодож байгаа.

 - Кино бол нийгмийг намаг балчигаас татаж гаргах нэгэн хэрэгсэл болохоос түнэр харанхуйтай эвлэрч, живэх ёсгүй гэдэг. Ер нь киночид хэзээнээс ийм чухал үүргийг хүлээчихсэн юм бэ? Кино үзэгчдийн сэтгэл зүйг дагуулах ёстой юм уу...?

-Миний хувьд бол их хуучинсаг үзэлтэй хүн. Орчин үеийн үзэлтэй хүн болох гэж худлаа салбаганахгүй. Хуучинсаг гэдэг нь би реалист хүн, би классик. Яг тэрийг л сонирхдог. Бусад хүмүүсийг үгүйсгэхгүй. Гэхдээ би өөрийнхөөрөө л байх ёстой. Тэртээ тэргүй дэлхийн кино урлагийн чиг хандлага реализм руу явж байна. Том том шагнал авч байгаа кинонууд ихэвчлэн ийм байдаг. Мэдээж, арт хаус янз янзын чиглэлийн кинонууд бий. Тэдгээрийг үгүйсгэхгүй. Бид нэг юмыг маш сайн ойлгох ёстой. Бид маш цөөхүүлээ ард түмэн. Хятад, Буриадад амьдарч буй монгол туургатнуудаа нэмлээ гэхэд 10 сая хүрэх ч юм уу, үгүй ч юм уу. Гэтэл бид өвөг дээдсээс Чингис хаанаас үлдээсэн их гүрний үлдэгдэл шүү дээ. Бид үүнийгээ авч үлдэх үүрэгтэй. Хэдэн зуун сая хүнтэй том улс оронд бол нэг кино хийгээд ард түмэндээ ойлгуулах гээд байх албагүй байж болно. Гэтэл бид эвгүйтвэл соёл, ёс заншилынхаа хувьд мөхөх тул цөөхүүлээ ард түмэн учраас тэрийгээ аль болох хойч үеийнхэндээ өвлүүлж, үлдээх хэрэгтэй. Аль болох зөв талаас нь үзүүлэх ёстой. Миний нөгөө хуучинсаг гэж хэлээд байгаа чинь ийм утгатай юм. Тийм учраас ямар нэг кино хийхэд мөнгө л олж байвал яасан ч яахав гэдгийг нэгдүгээрт тавих биш. Бид энэ киногоороо юуг өгүүлэх юм, хожим хойно яах юм гэдгээ бодохыг эрмэлздэг. Киноны хамгийн гоё нь бид үхээд дууслаа гэхэд кино гарч л байдаг. Тийм учраас өнөөдрийн мөнгөний төлөө биш, 50 жилийн дараа монголчууд ийм байсан юм байна гэдгийг л үлдээх хэрэгтэй.

Массаа дагаад, хүмүүс ийм л юм үзэж байна шүү дээ гэж зарим хүн хэлдэг. Би сүүлийн хоёр сар гаруй хугацаанд фэйсбүүкээрээ өдөрт нэг пост оруулж байгаа. Надад бодогдож буй зүйлсийг киногоороо л хүргэнэ гэхээр хэцүү. Нэг кинон дээр хэчнээн санаа гаргах вэ. нэг киног хэдэн жил хийх вэ. Тэгэхээр би хэлэх ёстой юмнуудаа хэлж л байя. Зарим хүн дургүй байж магадгүй. Гэхдээ би хэлэх ёстой юмнуудаа хэлнэ.

- Сүүлийн үеийн манай кинонуудад Хятадыг доромжилсон, дайрсан өнгө аяс их харагдаж байгаа. Та үүнийг юу гэж үздэг вэ?

- Манайх ардчилсан улс болохоор хэн ч хэвлэн нийтлэх эрхтэй. Тэгэхээр тэгж хийсэн хүнийг муулах хэцүү. Нийтээрээ хятадад дургүй учраас тийм киног үзлээ гэхэд тэр кино Хятадын зах зээл дээр гарахгүй. Түрүүн би гуравхан сая хүн амтай шүү гээд байдаг нь тэр. 3 сая хүндээ үзүүлээд цаана нь бас цөөн ч гэсэн улс оронд үзүүлчихмээр байна. Гэтэл нэг улсыг улайм цайм муулчихсан юмыг хэн үзэх вэ дээ. Хэцүү шүү дээ.

Орчин үеийн киноны хандлага глобальчлагдаад  аль нэг улс үндэстнийг доромжилсон кино хийхийг  хаа хаанаа татгалзаж байгаа. Бид социализмын үед кинон дээрээ хятад, японыг муулдаг л байлаа. Одоо дайн болоод хийсэн ч гэсэн аль болох  эвтэйхнээр илэрхийлэх, харуулах хандлагыг дэлхийн кино урлаг барьж байна.

-Гадны зах зээл гэхээр таны “Аравт”-т кино бол яах аргагүй шан татаж гарсан шүү дээ. Гэхдээ таны “Аравт”-ын  талаар янз янзын л байр суурь бий...  

-“Аравт” дээр хүмүүс асуудаг юм. Яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэж. Чингис хааны тухай хийж болно. Манайд маш их сэдэв бий. Далай шиг өргөн сэдэв байна. Тэндээс шанагаар хутгана уу, халбагаар хутгана уу, хувингаар хутгана уу миний чадлын л асуудал. Юу ч хийж болно. Тэр хутгасан юм маань мэргэжлийн түвшинд л байх хэрэгтэй. Хүмүүст хүрэх ёстой.

Зөвхөн түүх гэхгүй, Монгол хүний амьдрал гэхэд хятад, итали, африк хүнд сонин байгаа. Бидэнд сэдэв өчнөөн байна. Зарим нь ярьдаг юм. Одоо холливуд сэдэвгүй болчихсон. Тэгээд манайд ирж байгаа гэж. Хэзээ ч тийм юм байхгүй. Хүн амьд л байвал сэдэв байж л байна. Зөвхөн бид нараар цангаад байгаа ч юм биш. Харин ч бид өөрсдийгөө таниулах ёстой. Монголчууд ийм үүх түүхтэй сайхан хүмүүс шүү гэдгээ аль болохоор харуулаад л байх ёстой.

-Өмнө нь манай киночид ЗХУ-д бэлтгэгддэг байлаа. Тэр уламжлал тасалдаад хувиараа явж сурсан хүмүүс цөөн хэд байх. Одоо манай дотоодын сургуулиуд киночдод суурийг нь ямар хэмжээнд тавьж өгч байгаа бол?

- Гол нь кино судлалаа сайн хөгжүүлэх ёстой. Сүүлийн 20 гаруй жилд хувиараа хүмүүс явлаа. Солонгост нэлээн хэдэн хүүхэд төгслөө. Турк, Герман, Америк, Японд, Тайваньд төгссөн хүүхэд бий. Энэ олон янзын сургуулиудад сурсан хүмүүсээ нэгтгээд явмаар байгаа байхгүй юу. Гэтэл манайх нэгдсэн юм байхгүй. Аль нэг хороололд өрөө түрээслээд л кино хийсэн болоод л явж байдаг. Найз нөхдийн хэмжээнд л яваад байдаг. Мэргэжлийн хүний хувьд кино судлалыг орхигдуулчихаад байна л даа.

Кино өөрөө маш их түүхийг үзсэн. Дуугүй байсан, дуутай болсон, өнгөтэй болсон. Тэгсэн хойно нь манайд үүссэн. 40 жилийн хойно манайд үүссэн ч гэсэн төр засаг, тухайн үеийн уран бүтээлчид дэлхийтэй хөл зэрэгцэх гээд зүтгээд явж байсан. Кино урлагаараа бидэнд маш их өв соёл, сан хөмрөгийг үлдээсэн. 80 гаруй жил хөгжсөн Монголын кино урлагийг бид цаашаагаа авч явах ёстой.

Би СУИС-д 4 жил багшилаад, өөрийнхөө саналаар  больсон. Нэгдүгээрт, би уран бүтээл хийх хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт, санаанд нийцэхгүй зүйлс байсан. Гадны ямар ч улсын киноны сургуульд, жишээ нь “Бээжин фильм” академид америк хүн ч сурсан, монгол хүн ч сурсан, заавал “Дэлхийн кино урлагийн түүх”, “Азийн кино урлагийн түүх”, “Хятадын кино урлагийн түүх”  гэж хичээл орох ёстой. Казакстанд киноны сургуульд Казакийн киноны түүх гэж  орох ёстой. Тэр утгаараа Монголын киноны түүхийг бид л үзэх, судлах ёстой. Гэтэл манайд, СУИС маань мэргэжлийн тал дээрээ анхаарах зүйлс байна. Кредит систем гэдэгт шахагдаад, тэр хичээл дээр тэдэн кредит л байна гэчихээр их хэцүү юм. Хоёр гуравхан багш л тэр цагт нь баригдаад, киноны талын юм яриад байдаг. Болж өгөхгүй болохоор больсон л доо.

Ганц Монголын кино урлагийн түүх биш “Кино урлагийн онолын үндэс” гэдэг хичээлийг үзэх ёстой. Дэлхийн кино урлагийн түүхийг үзэх ёстой. Тэгж байж мэргэжлийн онолын суурь мэдлэгүүдийг авах ёстой. Би яг нарийн мэргэжлийн талын хичээлүүдийг нь орхичихоод байна шүү дээ. Суурь нь бол тийм байх ёстой. Энэ талыг сүүлийн үеийн залуучууд орхигдуулаад байна уу даа гэж эмзэглэдэг.

- Ер нь кино судлалыг хэрхэн яаж хөгжүүлэх ёстой юм. Манайд “Монгол кино үйлдвэр” гээд нэг газар байгаад л байдаг...

- Гадныхан зах зээл нь том учраас сонин, сэтгүүл, телевизийн урлаг соёлын редакциудад кино судлаач нарыг цалинжуулж ажиллуулдаг. Тэд нь юмаа хийгээд, нийтлэлээ бичихэд хангалттай амьдрах цалинтай байгаа юм. Манайд бол кино судлаачийг цалинжуулах боломж байхгүй. Соёл урлаг судлалын хүрээлэн гэж 100 айлд байдаг. Тэнд кино судлаачийн нэг ч орон тоо байхгүй. Хятадад кино судлаачаар доктор хамгаалсан Улиас гэж миний найз бий. Шанхайн театр академийн телевиз киноны дээд сургуульд Монгол кино гэдэг сэдвээр докторын зэрэг хамгаалсан хүн. Би түүнээс тэдний кино судлалын талаар асуусан юм. Дундад улсад 800 гаруй их дээд сургууль байдаг гэнэ. Их дээд сургуулийн сонгон үзэх хичээл дээр нь кино урлаг байдаг. Хамгийн гоё нь тэр 800 сургуульд дор хаяж нэг нэг хүнээр бодоход кинотой холбогдолтой 800 багш байна гэсэн үг. Ингэхээр кино судлаачийг орон тоогоор хангачихаж байгаа байхгүй юу. Ийм олон хүн цалинтай болчихоор кино судлал нь хөгжөөд, кинотой холбоотой сонин, сэтгүүл, телевизийн сувгууд гарчихаар янз янзын судлал шүүмжлэл бичээд сэтгүүлд өгөхийг бодно. Энэ мэтээр хөгжчихөж байгаа юм. Манайд бол хэцүү.

- Киноны хууль гэж олон жил ярьж байна... Байх ёстой, ёсгүй гэдэг дээр киночид талцаад л байдаг?

- Хуулийн ажлын хэсэгт нь би байдаг. Сүүлийн хоёр жилд ямар ч идэвхгүй болчихлоо. Хууль байх хэрэгтэй. Гэхдээ буруу хууль хийчих юм бол боомилно. Арван жилдээ тэр хуулийг өөрчилж чадахгүй болно. Яагаад гэхээр манай төр засаг кинотой манатай байна. Одоо ч гэсэн тэр хууль нь батлагдаж өгөхгүй л яваа. Үнэнийг хэлэхэд, би өөрөө ч киноны хууль гэж яарахгүй байгаа. Буруу юм хийвэл яах юм? Киноны хуулийн ажлын хэсэг хэдэн ч төрийн нүүр үзсэн юм, бүү мэд. Сайд нар, ажлын хэсэг нь өөрчлөгдөөд будлиад байхаар их хэцүү.

- Киночид болон кинотеатрын  ашиг орлогын хуваарилалт арай л шударга биш байна гэж хэлэх уран бүтээлчид олон. Та үүн дээр юу хэлэх вэ?  

- Ганц “Тэнгис” кинотеатр байхад их амар байлаа. Олон кинотеатр бий болох тусам бидэнд хүнд болсон. Долоон кинотеатр байлаа гэхэд зардал ажил нь долоо дахин үржигдэнэ. Тус тусад нь гэрээ хийнэ. Гадаадад бол кино хийдэггүй зөвхөн киног кинотеатрт түгээдэг дистрибьютер  гэж тусдаа компани байна. Манайд дистрибьютер байя гэхээр хэдхэн төгрөг л олно. Нэг кино хийгээд 200 сая олсон чинь дистрибьютер бас кинотеатрт гээд мань мэтэд юу оногдох вэ. Дээр нь бид өөрсдөө мөнгөөрөө кино хийнэ. Зар сурталчилгаагаа хийнэ. Маркетингийн зардал гээд бүх юм бид нараас гарна.

- Кинотеатрт хэдэн хувь очиж байна?

- 52 орчим хувь. Кинотеатрууд тасралтгүй орлого олдог. Жилийн 365 хоногт орлого олно. Харин бид нэг кино хийгээд хэдхэн хоног гаргадаг. Тэгээд л буучихна. Ингээд кинотеатр нь уран бүтээлчдээсээ илүү хүчирхэг болчихсон байхгүй юу.

- Энд зохицуулалт журам энэ тэр байх хэрэгтэй юу?

- О.Магнай ШӨХТГ-ын дарга байх үед бид санал өгч, бидний төлөө явж байлаа. Бидэнд 52 хувь  болгох болоод box office-ыг ч зарлаад эхэлсэн. Засаг ч өөрчлөгдлөө, О.Магнай ч ажлаасаа буулаа. Тэгээд байхгүй. Дараагийн дарга бүр дээр нөгөө саналаа бариад гүйж ороод байлтай биш. Тэгээд ч тэр хүн зөвхөн бидний төлөө тэнд суугаагүй. Өөр зөндөө ажилтай. Ингээд замраад завхраад байгаа юм л даа.

- Сайн кино хийхэд зохиол нэгдүгээрт бас хоёрдугаарт гуравдугаарт гэдэг. Гэтэл гадны зарим сайн найруулагчид зохиолд суурилах бус бэлэн дүрс, дүрслэлүүд дээр суурилаад сайн бүтээл төрүүлчихсэн байдаг. Тэр нь агуулга сайтай бүтээл болчихсон байх нь бий..

- Кино хөгжсөн улсуудыг харахад дүрслэх урлаг болон утга зохиолын хөгжлөөс нь кино урлагийн хөгжил хамаарч байдаг. Жишээ нь, Итали, Япон, Франц. Кино бол хөгжил нь нүдэн дээр байдаг, хэн дуртай нь тэр тухай ярьж болдог урлаг. Тэгвэл Монголд дуурь хөгжиж байгаа эсэхийг хэн дуртай нь хэлэхгүй, мэдэхгүй, мэргэжлийн хүмүүс нь мэдэж хэлнэ. Киног бол хэн дуртай нь шүүмжилдэг зовлонтой. Кино хөгжих хөгжихгүйг зөвхөн киноны мэргэжлийн хүмүүстэй найруулагчтай нь холбож яриад байгаа юм. Гэтэл манай утга зохиол чинь хэцүү шүү дээ. Монголд олон хэвлэх үйлдвэр нээгдэж, олон ном гарч байна. Гэлээ ч “Тунгалаг тамир” шиг роман өнөөдөр гарсан юм уу? Яахав хүмүүсийн зарагдаж байгаа номнууд байна л даа. Яг үнэндээ сайн кино зохиол бичиж буй зохиолч ховор.

- Сайн зохиолч гэвэл хэн байна?

- Ер нь хэцүү. Ямарсайндаа бид өөрсдөө зохиолоо бичнэ, зохиолыг өөрсдөө янзална. Яг кино зохиолоороо амьдарч байгаа, зохиол болгон нь шагнал авдаг тийм зохиолч байхгүй. Манай утга зохиолд яг тууштай кино зохиолоор явж байгаа хүн ч байхгүй. Сэтгүүлч хийгээд хажуугаар нь шүлэг бичээд тэгснээ өгүүллэг ч бичиж байх шиг. Жүжгийн зохиол юм уу, кино зохиол юм уу мэдэгдэхгүй болчихсон. Юм юмыг нь хийдэг болчихсон. Өнөөдрийнхөө мөнгийг олохын тулд тэгж яваа байхгүй юу. Мэдээж, зохиол хэрэгтэй. Гэхдээ сайн зохиол л байвал сайн кино болчихно гэж үгүй. Зохиолоос гадна бүгд сайн байх ёстой. Найруулагч, продюсер сайн байх ёстой.

- Та өөрийгөө төрсөн найруулагч биш гэсэн байсан. Төрсөн найруулагч гэж хэнийг хэлэх юм. Монголын киноноос хайя л даа?

- Би одоо хэн нэгнийг муулах юм уу, магтвал ёс зүйгүй асуудал болно.

- Тэгвэл Дэлхийн киноноос...

- Акира Курасова, Тарковский үнэхээр гайхамшигтай. Үүнтэй хэн ч маргахгүй. Яахав, манайд биеэ тоосон, өөрийгөө рекламддаг хүмүүс бий. Би мундаг гээд л... Тэр бол зохисгүй асуудал л даа. Нэг бол биесээ муулаад байна. Хажуугийнхаа найруулагчийг муулахдаа биш, магтахдаа биш. Жинхэнэ судлаач хүмүүс дүгнэлтээ гаргах ёстой.

- Насны хязгаар гэж байхгүй, насны босго гэж найруулагчид бий гэж та хэлсэн байсан...

- Саяхан би сэтгүүлч Г.Золжаргал ахын номыг уншлаа. Тэр ном дээр бичсэн байна лээ. Дунд сургуулиа төгсөөд “Хонх” хамтлагийн Энхбаяр ах тэр хоёр ВГИК-д кино найруулагчийн хуваарь авч очжээ. Тэгсэн чинь ВГИК аваагүй. Яагаад гэхээр кино найруулагчийн ангид дунд сургууль төгссөн хүүхдийг авдаггүй. Ажилласан байх ёстой. Ядаж 2-3 жил ажилласан байх ёстой. Эсвэл ядаж цэргийн алба ёстой. Төгсөөд шууд мундаг кино хийчихдэг хүн ховор. Том кино наадмуудыг хараарай, шагнал авч байгаа найруулагч нарын нас 50-аас дээш шүү. Би 2006 онд нэг ном бичсэн юм. Хэн хэн “Оскар” авсан бэ гээд л бичиж байсан. Клинт Иствүд 70 давсан насандаа найруулагчийн хувиар “Оскар” авсан. Амьдралын хат суугаад, хүнийхээ хувьд хамаг хий нь гарч байж мундаг бүтээл хийдэг юм байна л даа. Энэ утгаар нь би босготой гэж хэлсэн юм.

- Сэтгэлгээний чиглэлийн кинонууд байдаг шүү дээ. Яг нэг орон зайд барьчихдаг. Та ер нь тийм бүтээлтэй хэр ойр вэ?

- Чи төрсөн найруулагч Монголд байна уу гэж асуусан. Утга зохиол дүрслэх урлаг хөгжсөн улсад кино хөгждөг гэж би хэлсэн. Кино хөгждөг гол суурь нь нийт массын түвшин. Үзэгчийн түвшин өндөр байж уран бүтээлчийг шахах ёстой. Гэтэл өнөөдөр манай үзэгчийн түвшин маш доогуур байна. Тийм учраас тэрнээс тасарч гарч ирэх юм хийж чадахгүй. Жишээ нь, Тарковскийн кинонуудыг үздэг Орос хүмүүс жирийн хүмүүс. Урлагийн хүмүүс биш. Гэхдээ тэд ном их уншдаг. Урлагийн маш өндөр мэдлэгтэй. Нийт массаараа. Массын соёл өндөр. Тэгэхээр бид массынхаа ухамсрын түвшинг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Тэгэхгүйгээр бөгсөө хөдөлгөхөд инээдэг гээд бөгсөө хөдөлгөөд л мөнгө олоод байхаар чинь хөгжихгүй. Улам доошоогоо яваад л байна. Нэг киногоор ч гэсэн дээш нь татаад, нэг хүн яруу найргаараа жаахан ч гэсэн дээш нь татаад, ард түмэн гэгээтэй болоод ирвэл сайн кино, сайн найруулагч төрнө. Яг өнөөдрийн байгаа түвшнээр бол төрөх хөрс суурь байхгүй.

Манайхан билет ч авалгүй интернэтээр хошин шог үзэж, зохиолын дуу сонсож урлагийн хэрэгцээгээ хангаж байна. Нэг бол солонгос олон ангит үзнэ. Ийм тохиолдолд кино урлаг хөгжихгүй.

- Гэхдээ ямар нэг гэрэл гэгээ олж хараач гэвэл та юу хэлэх вэ?

- Би харчихсан. Түүгээрээ л явж байгаа. Би Монгол хүний тухай, Монголын ард түмний зан заншил түүхийн тухай ихэвчлэн кино хийдэг. Хар тамхи хэрэглэдэг болчихсон гэнэ, хар тамхины тухай кино хийе гэж хэзээ ч боддоггүй. Монголын ард түмний бахархал болсон гоё юмнуудыг хийе. Уран бүтээлчийн хувьд ядаж нэг хүнийг ч гэсэн омогшуулах, бахархал төрүүлэхийг хүсч, зорьж яваа.

- Та кинотой холбогдоод хэдэн жил болж байна?

- 24 дэх жилдээ орж байна. Анхны киногоо хийснээс хойш 22 жил болжээ.

- Таны сэтгэлд илүү хүрсэн кино тань аль вэ?

- Ер нь хэцүү л дээ.

- Эсвэл засчихмаар кино?

- Бүх кино. Яг санаанд тулсан юм ямар ч хүнд байдаггүй байх. Надад ч гэсэн тийм. Үүнээс илүү хийчихсэн бол, жүжигчиндээ тэгж анхаарсан бол ч гэж байнга бодогддог.

- Найруулагч хүн гэхээр характертай, стильтэй, нэг тийм хэв маягтай  байх ёстой шиг дүрслэл хүмүүсийн олонхид буудаг юм шиг?

- Тийм байлаа гээд тэр хүмүүсийг буруутгахгүй. Зөв. Өөрт нь зохиж байвал тийм байж болно. Би өөртөө зохиогүй байхад бөөрөнхий малгай тавиад явахгүй. Орчин үед харагдах хэлбэрийг агуулга руугаа оруулаад байдаг болчихсон. Өөрийгөө рекламддаг, ухаантай үг хэлэх гээд сонин сонин болоод л... Хуучны ч тийм найруулагч нар байдаг. Гэтэл гол нь чиний кино л сайн байх ёстой. Тэрнээс супер найруулагчийн дүрд тоглох ёстой биш.

- Сайн кино гэж ямар кино юм бэ?

- Яг тогтсон тийм л гэсэн ойлголт байхгүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлах ёстой. Би мундаг найруулагч байсан бол уншихгүй байгаа массыг юм уншдаг болтол кино хийх ёстой байхгүй юу. Тэгж хийж чаддаг бол сайхан. Үзээд таашаал авдаг киног миний хувьд сайн кино гэнэ.

- Та киногоор өвчилсөн хүн мөн үү?

- Би хэлж мэдэхгүй. Гэхдээ өөр надад амьдрах юм юу ч байхгүй. Би машин барьж чадахгүй. Хийдэг бизнес байхгүй. Клип, реклам хийдэггүй. Баримтат кино ч хийдэггүй. Гэхдээ өвчилсөн гэж онгирох утгагүй. Чадан ядан л хийж яваа. Өөрийнхөө арга барилыг найруулагч нар барих ёстой. Би бол реалист чиглэлийн уран сайхны кино хийдэг. X-Tuts продакшны “Сэргээш” гээд мюзиклийг  гурван жил дараалж хийсэн. Өөрөө зургийг нь аваад өөрөө монтажлаад, сүүлдээ больсон. Яагаад гэхээр миний монтаж, зураг авалт өөрчлөгдөх гээд байхаар нь больсон. Янз янзын кино хийдэг супер мундаг найруулагч нар бий л дээ. Би бол тийм найруулагч биш. Нэг барилаа л барих гэж яваа ядарсан найруулагч. Би өөрөө өөрийнхөөрөө л юмаа хийхийг хүсдэг. Бодсон хэмжээндээ хийж чадахгүй байна л даа.

-Таны “Чингисийн хүүхдүүд” кино Монголын үзэгчдэд хүрнэ гэсэн. Багагүй өртөг зардлаар бүтсэн байх...

-Зарцуулсан мөнгөө эргээд төлөх ёстой юм. Би их мөнгөтэй хүн биш.  Энэ долоо хоногт “Zaisan Hill Complex” -ийн 4DX кино театрт эх нутагтаа, үзэгчдэд толилуулахад бэлэн болсон.  Монголын ард түмэн маань үзвэл тэр өрнөөс жаахан эмтэлнэ. Хүмүүс үзэхгүй бол буучихна. Лав хоёр жилдээ Монголд дахиж гарахгүй.

-Цаг гарган ярилцсан танд их баярлалаа.

Э.Болорхажид