ШӨХТГ: “Магнай Трейд” компанийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлж байна

Нефть импортлогчид бензиний үнийг нэмэхгүй бол хүндрэлтэй, алдагдалтай байна гэж мэдэгдээд буй. Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн хэмжээнд байсаар атал импортлогчид зохиомол хомсдол үүсгэж, хэрэглэгчдийг аргагүй байдалд оруулж байна гэгдэж буй. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийв. Тус газрын дарга Б.Лхагва  “Аж ахуйн нэгжүүд байсхийгээд л үнээ нэмнэ гэдэг. Тиймээс өнгөрсөн онд бид тэдгээр компаниудыг дуудаж уулзан, зөвлөмж өгсөн.  Зохиомол  хомсдол үүсгэхгүй, бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцохгүй байх зөвлөмж өгсөн. Зөвлөмж, шаардлага тавьсаар байтал нефть импортлогч компаниуд хоёр ч удаа энэ алдааг гаргалаа. Нэгдүгээр сарын 9-ний байдлаар гурван компани хомсдол үүсгэсэн алдаа гаргасан. Тиймээс тус байгууллагуудын эрхийг түдгэлзүүлэх болж байгаа юм. Хоёр удаа давтан алдаатай үйлдэл хийсэн учраас “Магнай Трейд” компанийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд манай байгууллагаас хүргүүлж байна. Шийдвэрийг УУХҮЯ-аас гаргана. “Магнай Трейд”, “Тэс Петролеум”, “Петровис” компаниудыг шалгаж байгаа. Үнэ тарифаа нэмэхгүй, хязгаарлалтаа зогсоо гэсэн шаардлага тавьсаар байтал зарим ШТС-ууд бензин өгөхгүй, эвдэрсэн гэх мэт шалтаг гаргаж алдаа гаргасан. Тиймээс  дураараа авирласан байгууллагуудад Зөрчлийн тухай хуулиар торгох, шийдэх гэх мэт зохих ёсны арга хэмжээг авч ажиллана6 Цаашид хуульд  нэмэлт өөрчлөлт оруулж, алдаа гаргасан байгууллагуудад авах арга хэмжээг чангатгах тал дээр манай байгууллагаас ажиллах болно.Мөн үнийн зөвлөл ажиллаж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууддаа зөвлөмж өгч, ажлын хэсэг байгуулж ажиллаж байна” гэлээ.