ҮЙЛДВЭР-ийн тухай төгсдөггүй ҮЛГЭРҮҮД!

Монголчуудыг шатахуунаар хангадаг импортлогчид зах зээлийн хуулиар ҮНЭ тогтоохыг төрөөс шаардаж байна. Үнэндээ бол өнөөдрийн нөхцлөөр бол тэдний шаардлагыг яв цав гүйцэлдүүлэх хөрс алга. Нэг эх үүсвэрээс, нэг газраас бүрэн хамаардаг импортлогчдод зах зээлийн жамаар өрсөлдөх боломж угаасаа байхгүй л дээ. Тэгж өрсөлдөж чадахгүй нөхцөлд, тийм боломжгүй нөхцөлд хэрэглэгчдэд уян хатан өгсөж, буурдаг үнэ санал болгож чадахгүй хэрнээ чөлөөт үнэ нэхэх нь өнөөдрийн тухайд хэцүү хэрэг юм. Мэдээж энд эхнээсээ зохицуулалтыг буруу хийсэн төр буруутай. Түлшний нэг зах зээлээс хараат байдлыг халъя, дотоодын эх үүсвэрээ тодорхой хэмжээнд ашиглая, газрын тосны үйлдвэр байгуулж, ядаж л бүс нутгийн хэмжээнд хангаад байя гэхчлэн зөндөө ярьсан. Гэвчиг газрын тостой холбоотой үлгэрүүд шинэчлэн баяжигдсаар өнөөдрийг хүрчээ.

Ч.Сайханбилэгийг засаг удирдаж байх үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлахдаа 1 тэрбум ам.долларын зээл олгоно гэж амласан юм. Тэр нэг тэрбум ам.долларыг улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй дэд бүтцийн чанартай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар өгнө гэж байсан. Модиг  ирээд явсны дараа Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэх шийдвэрийг засаг гаргаж байв. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгасан. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон гэсэн засгийн мэдээлэл байсан юм. Тэгвэл ингэж шийдсэнээс хойш 2 жил өнгөрчээ.

Хамгийн сүүлийн байдлаар энэ төсөлтэй холбоотой мэдээлэлд чих тавихад Техник эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сард хийгдэж дуусна гэсэн ойлголттой байгаа гэсэн зүйлийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар хэлжээ. Эрх барьж буй намын төлөөлөл тэрбээр тов тодорхой байр суурь бус ойлголтынхоо талаар хэвлэлд ярьсан байгаа юм.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас албан ёсны мэдээлэл хийхдээ  “Төрөөс газрын тосны салбарт 2027 он хүртэл баримтлах бодлого”-ын төсөл боловсруулж байна. Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх замаар газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгох “Төрөөс газрын тосны салбарт 2027 он хүртэл баримтлах бодлого”-ын төсөл боловсруулах  ажлын хэсэг ажиллаж байна” хэмээн мэдээлж байгаа юм.

Ер нь бол ийм албан маягийн мэдээллүүд өнгөрсөн жилд олонтаа бидэнд ирж байсан. Хэзээ ажил хэрэг болох вэ гэдэг нь үргэлж бүрхэг байдаг.

Энэтхэгийн 1 тэрбум ам.доллараар баригдана гэгддэг боловсруулах үйлдвэрийн тухайд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4.5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэгдэж байсан. Тооцооллын дагуу цаасан дээр бичсний дагуу бүх зүйл бүтэж ирсэн бол өнөөдөр Монголд хэрэгцээнээс хэт давсан хэд хэчнээн ч боловсруулах үйлдвэр босчихсон байх учиртай.

Харамсалтай нь  цаасан дээрээс бууж өгдөггүй төсөл хөтөлбөрүүд Монголоор дүүрэн бий. Сайншандын аж үйлдвэрийн парк, эрчим хүчний тавдугаар эх үүсвэр, төмөр зам гээд нэлээд үлгэрүүд бий л дээ.

Дахиад хэлэхэд, хэд хэдэн засгийн үед нефть боловсруулах үйлдвэрүүдийн чимээ нэг их сайхан дуулдаад ирдэг ч эргээд таг болчихдог байсан. “Дорнод газрын тос” гэх төрийн өмчийн оролцоотой компани байгуулна гээд л яригдсан. За мөн тосноосоо хаа хол Дархан-Уул аймагт хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барих тухай япончуудтай нийлээд хэчнээн ч ярив. Т.Намжим гуай “Тоёо инженеринг” корпорацийн дэд ерөнхийлөгч М.Казухисагийн хамтаар 2012 он гэхэд үйлдвэр тосоо боловсруулаад эхэлнэ хэмээн ярьж л байсан. Харин өнөөдөр 2018 он. Түлшний зовлонтой улс хэвээрээ л байна.

Э.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • UNDSEN HUULIAR HODOO AJ AHUIN ORON HEVEEREE BAIHUU UILDVERLEGCH ORON BOLOHUU GEDEG SHALTGAALNA
    2018 оны 02 сарын 10 | Хариулах