Өвлийн Олимпийн VIII наадам: Ско-Валли-1960

  • Зохион байгуулагч орон: АНУ (Америк тив)
  • Огноо: 1956 оны 2 сарын 18-ны өдрөөс 28-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 30 улс (Европын 19, Хойд Америкийн 2, Өмнөд Америкийн 2, Азийн 4 улс, Африкаас 1, Австрали Номхонй далайн бүсээс 2)
  • Нийт оролцсон тамирчин: 665 тамирчин
  • Спортын төрөл: 8 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Блят Арена” цэнгэлдэх
  • Нээсэн хүн: дэд ерөнхийлөгч Р.Никсон

Нэгдсэн Улс 28 жилийн дараа Өвлийн Олимпийн наадмыг хүлээн авлаа. Энэ нь АНУ-ын нутагтаа зохион байгуулсан 4 дэх, Өвлийн 2 дахь Олимпийн наадамд байсан юм. Тэртээ 1932 онд Америкчууд зүүн эргийн Нью-Йорк мужийн Лэйк-Плэсидэд Өвлийн Олимпийн III наадмыг зохион байгуулж байсан бол энэ удаа тэд баруун эргийн Калифорни мужийн Ско-Валлид зохион байгуулсан.

АНУ Лэйк-Плэсидийн Өвлийн Олимпийн наадмаас хойш дахин зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан ч бүтэлгүйтэж байсан. Харин 1955 онд Францын Парис хотноо болсон ОУОХ-ны 50-р чуулганаар АНУ-ын Ско-Валли Өвлийн Олимпийн VIII наадмыг зохион байгуулах эрхийг олж авсан. Мэдээж энэхүү эрхийг авахад тухайн үеийн ОУОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Америк эрхэм Эйвери Брендежийн нөлөө их байсан нь дамжиггүй юм.

Хуульч мэргэжилтэй А.Чушинг хэмээх эрхмийн эзэмшилд байдаг бяцхан Скво-Валли цанын бааз нь 1960 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулснаар дэлхий нийтэд танил болсон юм. Тус цанын баазад Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахын тулд тухайн үедээ 80 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэвч Олимпийн үеэр бобслейн замыг хийгээгүй тул Скво-Валли-1960 Өвлийн Олимпийн наадамд бобслейн төрөл зохиогдоогүй ажээ.

Харин биатлоны төрөл анх удаагаа Олимпийн хөтөлбөрт багтсан. Биатлоны эрэгтэйчүүдийн 20 км-н ганцаарчилсан төрлөөр зохиогдож 9 орны 30 тамирчин өрсөлдөж Шведийн К.Лестандер анхны аварга цолыг хүртсэн. Мөн гүйлтийн цанын төрлөөр эмэгтэйчүүд өрсөлдөж эхэлсэн байдаг. Скво-Валлигийн Олимпийн наадамд шинэ төрлүүд нэмэгдэхийн зэрэгцээ технологийн хувьд ч шинэчлэл авчирсан юм. Цанын төрөлд анх удаагаа бичлэг ухрааж үзэх технологийг хэрэгжүүлсэн.

Скво-Валлигийн Олимп бол ХҮЙТЭН ДАЙНЫ үнэр “ханхалсан” байдаг. Учир нь Америкууд тухайн үедээ Орос тэргүүтэй соц орнуудыг Өвлийн Олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэвч ОУОХ Америкийн зохион байгуулагч нарт шахалт үзүүлснээр социалист орнууд оролцсон. Скво-Валлигийн Олимпийн наадам нь өмнөх 3 Өвлийн Олимпийн наадмаас оролцогч орны хувьд тоо нь багассан. Энэ нь мэдээж алс далан чанадад болсонтой холбоотой байх. Нийт 30 улсын 665 тамирчин өрсөлдсөн. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс анхны Өвлийн Олимпийн наадамдаа оролцсон бол хоёр Герман улсууд хамтран оролцсон. Ингээд ЗХУ-ын баг 7 алт, 5 мөнгө, 9 хүрэл медалиар тэргүүлсэн бол зохион байгуулагч АНУ-ын баг 3 алт, 4 мөнгө, 3 мөнгөн медалиар 3-р байранд шалгарчээ.

Тэгвэл нийт оролцсон тамирчдаас ОХУ-ын гүйлтийн тэшүүрийн тамирчин Л.Скобликова 4 алт, Е.Гришин 2 алт, Финландын гүйлтийн тамирчин В.Хакулинен 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар “од” болон гялалзсан байдаг.  Харин шайбтай хоккейн төрөлд зохион байгуулагч Нэгдсэн Улсын шигшээ баг анх удаагаа Олимпийн алтан медаль хүртсэн.

 

Б.Бямбабаяр