Хөөрөг урлаач О.Батжаргал: Хятад улсаас нийлүүлж буй хөөрөг Монголын зах зээлийг хангаж байгаад харамсаж явдаг

Буурал түүхийн цадиг дор, тэртээ алсаас өнөөд уламжлагдан ирсэн Монгол түмний соёл, уламжлал орчин цагийн хэмнэл дунд ч өөрийн үнэ цэнээ алдалгүй, улам төгөлдөржсөөр байна. Энэхүү үйлсэд өөрийн бие, сэтгэлээ зориулан ажиллаж буй хөөрөг урлаач эрхэм О.Батжаргалыг танилцуулж, Монгол үндэсний гоёл, хөөрөг урлалын талаар ярилцлаа.

– АМЬД БАЙГАЛИЙН ЧУЛУУ ҮРГЭЛЖ ХҮЙТЭН, ХҮНИЙ ГАРТ ХӨЛӨРЧ БАЙДАГ –

Чулуун эдлэл, хөөрөг хийж буй байгалийн үнэт чулууны талаар манай уншигчдад танилцуулна уу?

Байгалийн үнэт чулуу нь хэдэн зуу, сая жилийн турш газар дор дарагдаж, хүний биед хэрэгтэй олон чухал эрдэс бодисуудыг өөртөө шингээсэн байдаг. Хүн гэдэг чинь өөрөө байгалийн л амьтан юм чинь байгалийн чулуу биед нь сайнаар нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм. Чулуу болгоны энерги шингээх, ойлгох, гэрэл нэвтрүүлэх, дулаан дамжуулах шинж чанар өөр өөр. Тэр нь биоритм талаасаа эзэндээ эерэг энерги өгдөг.

Жишээ нь хаш өөртөө хорт бодисыг шингээж авдаг шидтэй. Хаш аяганд хоол хийж идлээ гэхэд л тодорхой хэмжээнд өөртөө хорт бодисыг нь шингээж авдаг байгалийн гайхалтай шидтэй. Хамгийн гол нь хаш чулуу маш өндөр хатуулагтай, бат бэх шинж чанартай, шил мэт тунгалаг, өнгөлгөө сайн авдаг зэргээрээ хүмүүсийн анхаарлыг татдаг. Хятадууд хашийг ялалт, амжилт авчирдаг гэж үздэг. Учир нь хаш чулуу нь эрч хүчний энерги ихтэй чулуу бөгөөд хүний биед хэрэгтэй кали, кальци, магни, төмрийн царуудаас тогтсон эрдэст чулуу юм. Ийм учраас хаш чулуу хүний биед цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос сахарын хэмжээг бууруулах зэрэг олон шидтэй. Хаш болон жинхэнэ байгалийн чулуу хэзээ ч хүний гараар зурагддаггүй. Үргэлж хөлөрч байдаг. Өвгөд, хөгшид ярьдаг шүү дээ, ямар нэг үнэт зүйлийг хадгалахдаа. “Чулуу болгоно оо” гээд. Ийм л учиртай юм.

Монголд үнэт чулууны үйлдвэрлэл сайн хөгжөөгүй учраас хүмүүс мэдлэггүйгээсээ болоод хямд чулууг үнэтэй авдаг. Гэтэл байгалаас чулуу олборлодог арга, техник нь шал өөр байдаг. Тусгай зориулалтын тэсэлгээ болон өрмийн аппаратаар ухаж авдаг. Манайхан гэтэл алх, лантуугаар нүдэж байгаад бутлаад аваад ирэх тохиолдол бишгүй гарна.

Ийм гайхалтай чулуугаар үнэт эдлэл урлана гэдэг мэдээж маш их хөдөлмөр шаардана биз?

Тийм, чулуугаар бүтээл урлахад маш их эрсдэл дагуулдаг. Нэг том хэмжээтэй чулууг зуун хувь гэж бодлоо гэхэд тэндээс ердөө арван хувь нь л бүтээл болж гарч ирдэг. Байгалиас хөөрөг гарах магадлалтай гэж таамаглаж гурван зуун чулуу түүхэд гурван сарын турш тэдгээр чулуугаа зүсч үзнэ. Ердөө гуч орчим нь л хөндий биш байж хагарахгүй. Ингэж олдсон гучин чулуунаас арваад нь л хөөрөг болно гээд бод доо. Дан ганц чулуу хагарах эрсэдлээс гадна сийлбэр бол хасах урлаг гэж явдаг. Баримал бол баримлын шавраа нэмээд байна. Дархан хүн бол буцааж хайлуулаад нийлүүлчихнэ гэх. Харин чулууг хэзээ ч хайлуулж болохгүй, залгаж болохгүй, бүтэн гүйцэтгэлтэй. Алдаа гаргах эрхгүй. Нэг үгээр хэлэхэд зургаа дахь мэдэрхүйгээ ашиглаж л урладаг даа. Хөөрөг урлаач хүн ухааны, харааны, гарын уртай байж л бүтээл төрүүлнэ дээ. Тэр дундаа нүдний баримжаа бас маш чухал.

Хөөрөг урлахад ямар нэг үйлдвэрлэлийн арга хэрэглэдэг үү? Дан ганц гар аргаар урладаг уу?

Хөөрөгний тухайд бүх шат дамжлага нь гар аргаар хийгддэг. Нэг ёсондоо амаар нь багажаа оруулж байгаад бүгдийг нь ухна гэсэн үг. Тэр нарийн хүзүүгээр өргөн мөр гаргаж ухна, дараа нь өнгөлнө гэдэг хэцүү. Тэнд л хамаг нарийн хийц нь оршиж байгаа юм. Мэдээж дархан бүрийн арга техник өөр өөр, нууц байдаг.

- ХЯТАД УЛСААС ОРЖ ИРСЭН, ХИЙМЭЛ ЧУЛУУГААР ХИЙСЭН ХӨӨРӨГ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХАНГАЖ БАЙГААД ХАРАМСАЖ ЯВДАГ -

Сүүлийн үед Хятадаас хямд өртөгтэй хөөрөг их орж ирэх болсон байна. Одоо хятад улс Монголын хөөрөгний зах зээлийг хангаж байна гэхэд хилсдэхгүй. Гэтэл Хятадад очсон манай Монголын чулуу хэзээ ч хөөрөг болж буцаж орж ирэхгүй. Хятадад чулууны үйлдвэрлэл өндөр хөгжсөн учраас хагархай чулуугаа шатаагаад хөөрөг болон төрөл бүрийн чулуун эд эдлэл хийж импортолж байна. Энэ нь мэдээж манай Монголоос очиж байгаа байгалийн чулууны хажууд үнэлгээ маш бага. Нэг ёсондоо үйлдвэрийн аргаар хийсэн чулуугаар л хятадууд хөөрөг хийж монгол руу оруулж ирээд байгаа юм. Манай монголоос очсон чулуугаар тэд өөрсөддөө зориулсан чулуун эдлэл хийж гадаадад болон дотооддоо борлуулдаг. Тэр нь ч үнэлгээ өндөр.

О.БАТЖАРГАЛ: ХЯТАДЫН ХӨӨРӨГ ХИЙДЭГ ҮЙЛДВЭРҮҮДЭЭС НАДАД БАГШЛААЧ ГЭСЭН САНАЛ НЭЛЭЭД ТАВЬСАН. БИ ХУВЬДАА МОНГОЛ ХӨӨРӨГ ХИЙДЭГ АРГАА ХЭЗЭЭ Ч ГАДНЫ УЛС ОРОНД ЗААХГҮЙ МОНГОЛДОО ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ӨВ СОЁЛЫГ БҮТЭЭХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ.

Хятад хөөрөгний хийц нь мөн өөр байдаг уу?

Хятадын хөөрөг хийдэг үйлдвэрүүдээс надад багшлаач гэсэн санал нэлээд тавьсан. Би хувьдаа Монгол хөөрөг хийдэг аргаа хэзээ ч гадны улс оронд заахгүй монголдоо дахин давтагдашгүй өв соёл байлгах ёстой гэж боддог. Монгол хүний ур, ухаан шингэсэн бүтээлийг Монгол түмэн минь мэндийн ерөөлтэйгээр ааваас хүүд, хүүгээс хүүд нь дамжвал хичнээн сайхан. Харин урд хөршөөс оруулж ирсэн хөөрөг үеэс үе дамжин үнэ цэнээ хадгалсаар оршино гэдэг юу л бол. Монголчуудын сэтгэлгээ ч тийм биш шүү дээ. Харин урд хөршөөс хайрцаг хайрцагаар орж ирж байгаа хөөрөгний хийцний тухайд гэвэл Хятад хүн хүзүү гаргаж урлаж чаддаггүй. Хөөрөг урт, нарийн хүзүүтэй байснаараа агаар амархан нэвтрүүлдэггүй. Хамрын тамхи агаарт байхаараа чанараа алддаг. Бас даалин дотроо асгарахгүй байх зэрэг олон чухал ач холбогдолтой. Хүзүү нь хэдий чинээ гүн байна төдий чинээ ур чадвар шаарддаг. Харин Хятад хөөрөгний хийц яасан ч тийм нарийн байж чаддаггүй.

– ХҮН ӨӨРИЙНХӨӨ ТҮҮХИЙГ ӨӨРӨӨ Л БҮТЭЭДЭГ –

Эртний хөөрөг өндөр үнэтэй байдаг, Ер нь хуучин хөөрөг худалдаж авах тухай таны бодол?

Миний хувьд хөөрөгний талаар сонирхоод арав гаруй жил урлаад найм, есөн жил болж байна. Хүмүүс надад хуучин хөөргөө авчирч өгөөд зараад өгөөч гэж гуйдаг л юм. Хүн өөрөө л өөрийнхөө түүхийг бүтээдэг учраас бусдын эдэлж хэрэглэж байсан үүх түүхтэй өөр энергитэй хөөрөг барих дэмий санагддаг. Шинэ хөөрөг аваад шинээр түүхийг нь бичих хэрэгтэй. Магадгүй хөөрөг үнэ цэнтэй эд учраас хуучин эзний сэтгэл хорогдсон эдлэл байхыг ч үгүйсгэхгүй. Өөрөө л үнэ цэнийг нь бий болгох хэрэгтэй. Харин өөрийн энерги үүх түүхийг бүтээсэн хөөргөө үр хүүхэддээ өвлүүлэх шиг сайхан зүйл хаана байхав.

Хүн үнэ цохиж авсан эдлэлээ үргэлж нандигнаж явдаг. Найр наадмын үеэр хүртэл биеэ илүү цэгцтэй авч явж, мэндлэх хүндлэх ёсонд суралцах, ахмадаа хүндэтгэж харилцахаас эхлээд эзнээ их сайхан энергитэй болгодог юм. Өөрийгөө хүндлэх сэтгэл нь ч нэмэгдэж өөртөө илүү итгэлтэй болдог. Ялангуяа чулуу эзнээ таньдаг. Худалдан авах гэж байгаа хүмүүс эдээ муулахад би их дургүй. Өөрийн авах гэж буй эдээ муулахаар эргээд тэр хүндээ эд болдоггүй гэмтэй.

Ингэхэд компанийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу, Хэдэн жил энэ чиглэлээр ажиллаж байна вэ?

Манай “Монгол Гоёл” ХХК гэр, морин хуур, сийлбэр, хөөрөг урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол хүн юугаар гоёж болох вэ гэдгийг харуулсан, Монгол угсаагаа дээдэлсэн гоёл, үнэт эдлэлийн брэнд бий болгохыг зорин ажиллаж байна. Хэтдээ хаш эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх зорилго байна гэж өнгөрсөн жил нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан бол энэ жилээс бага ч болов ажил болоод явж байна. Хаш хундага, жүнз, аяганаас эхлээд хэт хутга, эмэгтэй хүний гоёлын эдлэлийг хаш чулуугаар урлаж байна даа.

Анх Их дэлгүүрийн таван давхрын бэлэг дурсгалын тасагт бүтээлээ нийлүүлдэг байсан юм. Тэндээс л олон хүнд танигдаж эхэлсэн. Нэг үйлчлүүлсэн хүн дахиж ирэх, өөр үйлчлүүлэгч дагуулж ирэх бүрт урамшиж бүтээлээ маш чанартай сайн хийнэ гэдгийг л жанжин шугамаа болгосон доо. Одоо хөөрөгнийхөө нуухыг ч гэсэн үнэлгээ өндөртэй дархнаар хийлгэдэг. Хамаг хөлс хүч хөдөлмөрөө шингээж хийсэн хөөргөн дээрээ бас тэр хэрээр хөдөлмөр шингэсэн нуух хийлгэхийг хүсдэг.

Мөн миний нэг бахархал бол манайхаас хөөрөг аваад асуудал үүсэн буцаж ирсэн тохиолдол бараг гардаггүй. Учир нь бид хүнд өв дамжин уламжлагдан үлдэх үнэт зүйлийг урлаж байна шүү дээ. Ямар ч ажилд сэтгэлээ шингээх хэрэгтэй. Сэтгэл шингэсэн эд цаанаа л өөр дөө.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

За баярлалаа. Танай сайтаар дамжуулан Монголчууддаа хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс, хүндэт хэрэглэгчиддээ сар шинийн мэнд дэвшүүлье.

hunnu.mn

 

 

 

  • Сайн бодоод үз!
    (43.242.243.248)
    Хятад багажаар чулуу нүхэлсэн монгол дуракыг хятадууд гуйж л гэнэ. Тэнэг худалч. Хятадууд бол чулууны сийлбэрээр гайхалтай хүмүүс. Тэдэнд хөөрөг хэмээх нүхтэй чулуу хийх бол тоглоом. Гагцхүү ийм хэлбэртэй, тэндээ нүхтэй гэдгийг нь харуулахад л хангалттай. Ер нь савтай хор (хамрын тамхи) хүнд өгч мэндэлдэг манжуудын нэвтрүүлсэн тэнэг ёс монголд л үлдсэн хэрэг.
    2018-02-02T23:47:41Z