Монгол эмчийн бүтээсэн мэс заслын багаж дэлхийн оюуны өмчийн бүтээлээр шалгарлаа

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгаруулж, түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд”-г Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ.

Ц.Лочин эмч өөрийнх нь өдөр тутамд хийдэг хэвлийн нээлттэй болон дурангийн мэс заслын үед хамгийн их тохиолддог технологийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээрх мэс заслын үед ашигладаг багажийн оновчтой загварын шийдлийг зохион бүтээсэн бөгөөд түүний энэхүү бүтээлийг Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас мэргэжлийн шинжээчийн нарийн шалгуурын дагуу удаан хугацаанд шалгасны үр дүнд ийнхүү “Оновчтой технологи” хэмээн шалгаруулсан байна.  

Энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол улсад 1986 оноос хойш өнөөг хүртэл инженер мэргэжлийн 19 хүн хүртэж байсан бол 20 дахь нь анх удаа Анагаах ухаан, Эрүүл Мэндийн салбарын эмч мэргэжилтэн авч байгаагаараа онцлог юм.

Шагналыг Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүд болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ өдөр гардуулан өглөө.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна