Илон Маск Falcon Heavy пуужингаа амжилттай туршлаа

Өнөө өглөө Улаанбаатарын цагаар 04:45-д АНУ-ын Флорида мужийн Жон Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн LC-39А талбайгаас Илон Маск тэргүүнтэй SpaceX сансар огторгуйн компанийн Falcon Heavy пуужинг амжилттай хөөргөлөө.

Гурван хэсгээс бүрдсэн Falcon Heavy-гийн хоёр хажуугийн хэсэг пуужин хоёр хөөрснөөс хойш хоёр минут хагасын дараагаар эх биенээсээ салж, таван минутын дараагаар хөөрсөн байрандаа буцан амжилттай буусан юм. Харин пуужингийн төв хэсэг Атлантын далайд байрлах тавцанд зургаан минутын дараа буух ёстой байсан ч холбоо тасарчээ. Одоогоор пуужингийн төв хэсэг хэрхсэн нь тодорхойгүй байна.

Гэлээ ч Илон Маскийн Falcon Heavy пуужингийн туршилтыг амжилттай болсон гэж хэлж болно. Тэрбээр улаан өнгийн Tesla Roadster автомашиныг пуужингаар тээн огторгуйд гаргаж чадлаа. Энэ машиныг Starman хэмээн нэртэй манекен жолоодож яваа юм. Илон Маскийн өгүүлснээр бол Tesla Roadster хэдэн сая жил огторгуйн замаар аялах боломжтой ажээ. Машинд ажиглалтын маш сайн камер суурилуулсан тул гайхалтай бичлэг, зураг харах болно гэдэгтээ найдаж буйгаа дуулгажээ.

Falcon Heavy нь 27 хөдөлгүүртэй. Одоогоор дэлхийн сансар огторгуйн түүхэн дэх хамгийн хүнд жинтэй ачаа тээх чадвартай пуужин юм. 64 тонн ачаагаар огторгуйн замд гаргах чадах ажээ.

Мөн Falcon Heavy-гийн мөн нэг ололттой тал нь бусад пуужингуудаас дөрөв дахин бага өртгөөр буюу 90 сая ам.доллараар боссон.

Илон Маск Ангараг гаригт хүн хүргэх пуужин бүтээхийг хүсч буйгаа зарласан. Түүний эхний томоохон туршилт нь энэ болж байна. Мөн дэлхийн нэг тивээс нөгөө тив рүү хэдэн минутад нисч хүрэх боломжтой зорчигч тээврийн пуужин ч бүтээнэ гэдгээ мэдэгдсэн.

Falcon Heavy пуужингийн хоёр хажуугийн хэсэг хөөрсөн цэгтээ буцан амжилттай буусан зэрэг нь тивээс тивд пуужингаар нисэх бүрэн боломжтойг харуулсан явдал боллоо.

Р.Гэгээ