Өвлийн Олимпийн XX наадам: Турин-2006

 

  • Зохион байгуулагч: Итали (Европ тив)
  • Огноо: 2006 оны 2 сарын 10-26-ны өдөр
  • Оролцогч орны тоо: 80 улс
  • Спортын төрөл: 15 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: Олимпийн цэнгэлдэх
  • Нээсэн хүн: ерөнхийлөгч Карло Азельо Чампи

Европ тивийн Апенины хойгт орших Итали улс Өвлийн Олимпийн наадмыг 2 дахь удаагаа Турин хотноо хүлээн авлаа. Альпийн нурууны баруун өмнөд бэлд орших Турин хот Өвлийн Олимпийн ХХ наадмыг зохион байгуулахын тулд Швейцарын Сион хотыг санал асуулгаар буулган авсан юм. Өвлийн Олимпийн ХХ наамдын төлөө Сион болон Турин хотуудаас гадна Польшийн Закопане, Словакийн Попрад-Татры, Финландын Хельсинк, Словений Клагенфурт хотууд анх нэрээ өгсөн боловч эцсийн шатны шалгаруулалтаас нэрээ татсан.

Ингээд Италийн Турин, Швейцарын Сион хотууд өрсөлдөхөд Италичууд 53 саналаар ялалт байгуулсан. Итали улс өмнө нь 1956 онд Кортина д’Ампеццод Өвлийн Олимпийн VII наадмыг зохиож байсан бөгөөд хагас зуун жилийн дараа шинэ мянганд 2 дахь Олимпийн тоглолтоо хүлээн авсан юм. Тухайн үедээ Италийн Турин хот өвлийн олимпийн наадмыг зохиосон хамгийн олон хүн амтай хотоор шалгарсан байдаг.

Турин-2006 Өвлийн Олимпийн наадам нь анх удаагаа албан ёсны цахим хуудас ажиллуулж, анх удаагаа гар утсаар видео бичлэг үзэх боломжтой болж байсан. Мөн Азербайжан болон Монгол улсууд анх удаагаа шууд дамжуулалт хийсэн. Тэгвэл спортын хэд хэдэн төрөл нэмэгдсэн. Үүнд: биатлоны эрэгтэй, эмэгтэй бөөн гараатай уралдаан, гүйлтийн цанын эрэгтэй, эмэгтэй багийн спринт төрөл, сноубордын кросс уралдаан, гүйлтийн тэшүүрийн багийн уралдаанууд нэмэгдсэн.

Өвлийн ХХ Олимпийн наадмын шайбтай хоккейн төрөлд П.Форсберг тэргүүтэй Шведийн шигшээ баг 2 дахь удаагаа олимпийн алтан медаль хүртлээ. Тэд дунд шөвөгт Швейцарыг буулгаж авсан бол хагас шигшээд Р.Ланг, Д.Хашек, Я.Ягр, Я.Шпачек нарын шилдгүүдээс бүрдсэн Чехийг 7-3 харьцаатай буулгаж аван финалд шалгарсан.

Шигшээ тоглолтонд Скандинавын хойгийн хоёр улс болох Финланд, Шведийн тоглолт болж Шведүүд Х.Зеттерберг, Н.Кронвуол болон Н.Линдстрём нарын гоолоор ялалт байгуулсан. Тухайн жилдээ Шведийн шигшээ баг олимпийн алтан медаль хүртсэн нь Н.Линдётрём, Ф.Модин нарыг “Гурван алтын клуб”-ын гишүүн болгох эрхтэй болгосон. Хожмоо 2008 онд энэ багийн бүрэлдэхүүнээс Н.Кронвоул, Х.Зеттерберг, М.Самуэлссон нар тус клубын гишүүн болсон. Тэгвэл Турин-2006-д одоогийн ОХУ-ын биатлоны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Германы биатлонч М.Грайс 3 алтан медаль, шорт-трейкийн төрөлд өрсөлдсөн одоогийн ОХУ-ын тамирчин, тухайн үеийн БНСУ-ын Ан Хюн-Со 3 алт, 1 хүрэл, эмэгтэй төрөлд өрсөлдсөн Жин Сун-ю 3 алтан медаль хүртсэн.

Энэ мэт олон тамирчид өндөр амжилт үзүүлсний зэрэгцээ олимпизмийн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон. Гүйлтийн цанын багийн төрөлд өрсөлдөж байсан Канадын С.Рейнерийн таяг уралдааны замд хугарахд Норвегийн дасгалжуулагч түүнд таяг өгч тусалсан. Ингэснээр Канадын шигшээ баг медалийн тавцанд гарч, Норвеги дасгалжуулагчийн үйлдэл олимпийн бэлгэ тэмдгийг бүрнээ илтгэсэн сэтгэл хөдөлгөм үйл явдал байсан юм.

Б.Санчир

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна