Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагаас зөвлөмж гаргалаа

  Үнэт цаасны хороодын Олон улсын байгууллага /IOSCO/-ын Удирдах зөвлөл өнгөрөгч долоо хоногт хуралдаж, ил тод шударга, үр ашигтай зах зээлийг бий болгох, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, үнэт цаасны системийн эрсдэлийг бууруулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Хурлаас нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрвөх чадварын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр зөвлөмж гаргаж, гишүүн улс орнуудад хүргүүлэхээр тогтсон байна.

Уг ерөнхий зөвлөмжийн дагуу гишүүн орны үнэт цаасны зохицуулагч байгууллагууд тус тусын зах зээлийн төлөв, арилжаа, төлбөр тооцооны хэмжээ, дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтын нөөцдөө тохируулан хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрвөх чадварыг сайжруулахад чиглэсэн эрсдэлийн удирдлагын зөвлөмжүүдийг боловсруулж, мөрдүүлэх юм. Ингэснээр санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлж буй нийтлэг хүчин зүйл болох хамтын хөрөнгө оруулалтын сангийн эмзэг байдал буюу эрсдэлийг илрүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, хөрөнгийн багц болон хөрөнгө оруулагч санд нэгж эрхээ худалдаж гарах тохиолдолд үүсэх хөрвөх чадварын эрсдэлийн удирдлагын тогтолцоог тодорхой болгоход гишүүн орнуудад ихээхэн дэмжлэг болох юм.