Бизнесийн салбарынхан тогтвортой орчин хүсч байна

Монголын гүйцэтгэх захирлуудын клуб /CEO club/-ээс гишүүддээ зориулан сар бүр зохион байгуулдаг ээлжит уулзалт, хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уригдан оролцов.

Тэрээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, энэ хүрээнд хийх ажил болон бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлогын талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчдийн саналыг сонслоо.

Монгол Улсын хөгжлийн үндэс сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар үздэг. Иймээс “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж, олон ажил хийж хэрэгжүүлэх болсныг сайд Г.Занданшатар хэлэв.

Дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг ажил хэрэг болгоход  аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, оролцоо чухал гэдгийг тэрээр тэмдэглэлээ. Аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичиг баримт боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр асуудлыг хэлэлцүүлэн, санал авч зөвшилцөх, мэдээлэх үүрэгтэй Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байнгын ажиллагаатай болгох, улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Бизнес эрхлэгчид татвар, уул уурхай, хувьчлал зэргийн талаар асууж тодрууллаа. Тэд хууль эрх зүйн орчин тогтвортой байх, гадаадын хөрөнгө оруулалт татах нь хамгийн чухал гэж үзэж байна.

Монголын гүйцэтгэх захирлуудын клуб 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний шилдэг 20 орчим компани, корпорацийг эгнээндээ нэгтгэсэн. Клуб бизнесийн орчин тунгалаг, шударга нөхцөлтэй, ойлгомжтой дүрэмтэй, төрийн бодлого тогтвортой байх ёстой гэж үздэг байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна