“ПОП улс төрчийн ПОП-ролтыг дагахгүйгээр  бодлоготой нам шиг шийдвэрлэх боломж байсан”

Чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болоод байсан. Гэхдээ энэ шийдвэр нийгмийн,  улстөрийн сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарч, улмаар УИХ хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээ нэг шатлалтай, 10 хувь болгох шийдвэрийг гаргаад буй.

Тэгвэл мэргэжилтнүүд үүнд янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Тухайлбал, хуульч С.Мандахбат “Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулах хэмжээг өөрчлөхдөө Улсын Их Хурал (Засгийн газрын өргөн мэдүүлснээр) маш буруу шийдвэр гаргалаа.

Зүүн төвийн үзэл баримтлалаа бодсон ч, ПОП улс төрчийн ПОП-ролтыг дагахгүйгээр ул суурьтай, бодлоготой нам шиг шийдвэрлэх боломж байсан.

ХХОАТ гэдэг бол ЦАЛИНГИЙН ТАТВАР. Энэ татварыг улс авахдаа ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ, АЖЛЫН НӨХЦӨЛ, ОРЛОГЫН ХЭМЖЭЭ гэсэн гурван зүйлд суурилж байж ногдуулах байсан. Эхнэр/нөхөр нь ажил хийхгүйгээр Улаанбаатарт 2 хүүхдээ хардаг, эхнэр/нөхөр нь хөдөө орон нутагт уул уурхайн төсөлд ажилладаг нэг хүний цалинтай бол татвар харьцангуй бага, харин Улаанбаатарт ганц бие эрэгтэй/эмэгтэй хүн ажил хийдэг бол татварын хэмжээ харьцангуй өндөр байх зэргээр ХХОАТ-ыг өөрчлөх ёстой байсан юм. Тухайлбал, 2017 онд OECD-ын орнуудад нэг орлоготой гэр бүлд ногдох татварын дундаж 36%, нэг хүнд 26% байна.

Үндсэн улс төрийн хүчнүүд нийгмийн түр зуурын "САЛХИ"-нд хийсээд баймааргүй л байгаа юм даа...

Энэ болгоныг улс төрчид рүү чихэхээс илүү тэдний удирдлаганд ажил хийж бодлого боловсруулж буй ТҮШМЭД санаачлах ёстой юм!!!” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

За харин Засгийн газрын зүгээс  “Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж байгаа, нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш ойрын ирээдүйд харьцангуй тогтвортой, өндөр байх төлөвтэй байгаа нь манай улсын эдийн засаг, төсөвт эерэг нөлөө үзүүлэхээр байгаа тул иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах татварыг нэг шатлалтай болгож, эдийн засаг дахь татварын ачааллыг бууруулж, татварын системийг энгийн, ойлгомжтой болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь бизнесийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг шинээр бий болгох, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг УИХ-д оруулж батлуулсан гэж буй юм.

Эх сурвалж: Hunnu.mn