Д.Даваасүрэн Хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн  асуудлаарх чуулганд оролцов

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 2 дугаар сарын 7-9-нд Кенийн нийслэл Найроби хотноо болж буй Хөгжиж буй орнуудын Хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр боловсруулагчдын 11 дэх удаагийн чуулга уулзалтад оролцов. Чуулганд оролцогчид урьд өмнө байгуулагдсан хөрөнгө оруулалтын хоёр болон олон талт хэлэлцээрүүд нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байгааг тэмдэглэхийн сацуу хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн агуулга, тэдгээрийг худалдааны болон бүс нутгийн эдийн засгийн хэлэлцээрүүдтэй хэрхэн уялдуулах, мөн тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар ярилцав.

Уг чуулганыг Женевт төвтэй Тогтвортой хөгжлийн төлөөх Олон улсын Хүрээлэн, Өмнөдийн төв, Кенийн хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллага хамтран ЮНКТАД-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Чуулганд Ази, Африк, Латин Америкийн 70 гаруй орны Засгийн газар болон бодлогын судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

ТНБД хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулахад Хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлаарх хуралдаанд панелистаар оролцож, Монголд тулгарч буй ижил төрлийн  сорилт бэрхшээл, тэдгээрийг гэтлэн давах арга замын талаар ярилцаж санал солилцов.

Мөн тэрээр Чуулганы Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ, бодлого боловсруулах болон шийдвэр гаргах явцад тулгарч буй сорилт бэрхшээл сэдэвт хуралдааныг даргалав. Уг хуралдаанаар хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх болон тэдгээрийг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах, маргааныг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.

ТНБД хуралдааны үеэр ЮНКТАД-ын олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хэлтсийн дарга хатагтай Элизабет Турктай уулзалж, ЮНКТАД-ын зүгээс Монгол Улсын хөрөнгө оруулалтын загвар хэлэлцээрийг боловсруулахад үзүүлж буй дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж, явцыг үргэлжлүүлэх сонирхолтой байгааг онцлов. Талууд Монголын мэргэжилтнүүд, хэлэлцээрт оролцогчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Мөн тэрээр Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэнгийн хууль, бодлогын хөтөлбөрийн захирал хатагтай Натали Бернасконитай уулзаж, хөрөнгө оруулалтын хэлэлцээр боловсруулагчдын чадавхийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж өгөхийг хүсэв.