УИХ-ын гишүүн Д.Гантулга ШШҮХ-гийн дүгнэлтэд нөлөөлсөн үү?

УИХ-ын гишүүн Д.Гантулгаас АТГ байцаалт авсан гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Мөн энэ хэрэгтэй холбоотой анхаарал татаж буй нэг зүйл бол Д.Гантулгын хэрэгт дүгнэлт гаргасан ШШҮХ-гийнхнийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгаж буй тухай асуудал юм. АТГ-аас хэвлэлийн хурал хийх үеэрээ үүнийг бататгасан байр суурийг илэрхийлсэн.

Тэгэхээр ШШҮХ-гээс гаргасан дүгнэлтэд УИХ-ын гишүүн Д.Гантулгын нөлөө орсон эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж буй тухай энд яригдаж байна. Хүчингийн хэрэгт холбогдсон асуудлаараа Төрийн ордонд мэдээлэл хийж, олны анхаарлыг татсан Д.Гантулгыг ёс зүйн зөрчил гаргаагүй гэх хачирхалтай дүгнэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос гаргасан билээ.

Сануулахад, Д.Гантулга гишүүнд  холбогдох хэргийн хохирогчийн өмгөөлөгч М.Ичинноров хэвлэлд ярилцлага өгөхдөө “Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцуулах тал дээр цаашид ч тэмцэх болно. Энэ бол Монгол Улсад улс төрийн соёл бий болгох хүсэл эрмэлзэл, алсын хараа  юм.  Нэгэнт тэр хүний нам  хөдлөхгүй бол өрөөл бусад намууд яагаад хөдөлж болохгүй гэж. С.Баярцогтын оффшорын асуудал дээр тухайн үеийн сөрөг хүчин болох  МАН яаж дуугарч, тууштай хөдөлж,  УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь авч хаяж байлаа. Харин одоо энэ мэт асуудалд сөрөг хүчний намууд хөдлөх хэрэгтэй гэж бодож байна.  Тэгэхгүй бол ганц бид яваад энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэх итгэл сул байна... Юуны өмнө ёс зүйн хариуцлагыг Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь тооцох хэрэгтэй.  Ёс бус үйлдэлд нэр нь холбогдсон гишүүн өөрөө уучлал хүсэн албан тушаалаа өгдөг жишиг манайд ерөөсөө алга. Хууль эрхзүйн талаасаа нэрийг нь татуулан шалгах процесс удаашралтай байна.  Харин аливаа хэрэгт улс төрийн ашиг сонирхол байвал хэнийг ч хэзээ ч шалгаж, байцааж, ял оноож болж байна. Улс төрийн хүсэл эрмэлзэл, ашиг сонирхол байхгүй бол хөдөлдөггүй. Ийм гажуудсан, хараат байдал Монголын хуулийн байгууллагад гарч эхэлсэн нь энэ хэрэг дээр ч харагдаж байна” гэж байсан юм.

За ямартай ч хуулийн байгууллага Д.Гантулгын хэрэгтэй холбоотойгоор ШШҮХ-гийн нөхдүүдийг шалгаж буйтай холбоотойгоор хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал нийгмийн анхааралд зүй ёсоор байна.

Эх сурвалж: Hunnu.mn