Нэг удаа газар үнэгүй өмчлөх эрхтэй иргэд  0.07 га газрыг 9 сая 240 мянган төгрөгөөр авах уу?

 “Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ” гэж заалт Газар өмчлөлийн тухай хуульд бий. Хуулийн хугацаа нь 5 жил гэж анх заасан. Тэрчлэн 2003 оноос хойш 2008, 2013 онд хоёр удаа хугацааг  сунгасан. Энэ 2018 оны 5 дугаар сарын 1-нд хугацаа нь дуусгавар болж байна. Тэгснээр иргэд хуулийн хүрээнд үнэгүй газар өмчлөх эрх нь хаагдана гэсэн үг. Хэрэвзээ Засгийн газраас уг асуудлаар хуулийн төсөл боловсруулж, УИХ хэлэлцэж батлахгүй бол иргэн та 0.07 га газраа үнэгүй өмчилж авах эрхгүй болох юм.

Гэхдээ газрын албаны мэдээллээс үзэхэд газар өмчлөл явагдсан өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэдийн дөнгөж 14 хувь нь газар өмчилж авчээ.Тэгэхээр хуулиар олгосон эрхээ иргэд хэрэгжүүлж чадаагүй байна гэдэг нь эндээс харагдаж буй. Иргэдийн идэвх санаачлагын байдал, төрийн байгууллагын үйл ажиллагаа зэрэг олон асуудал энд яригдаж таарах юм.

Хэрэв газар үнэгүй өмчлөх эрх хуулиар хаагдвал 0.07 га газрыг 9 сая 240 мянган төгрөгөөр өмчилж авна гэдгийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун хэлж байгаа юм. Газраа үнэгүй ав гэх заалт хуульд бий ч, хэрэг дээрээ газрын албаны хүнд суртал, үйлчилгээний удаан хойрго байдал сэлтийг бас л ярих хэрэгтэй.

Ипотекийн зээлд хамрагдах гээд урьдчилгаа төлбөрөө олж чадахгүй байгаа иргэд олонтой манай улсын тухайд 9 сая төгрөгөөр цаашид газраа өмчилнө гэдэг үнэндээ үлгэр болох юм. Тэгэхээр хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх хүсэл төрд бий бол хуулийн хугацааг сунгах л ёстой болов уу.

Эх сурвалж: Hunnu.mn