“Ард түмнээсээ том, илүү эрх мэдэлтэй парламент гэж аль ч улсад байдаггүй”

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батласан. За харин АН-ын тухайд МАН эрх барьж байгаа энэ парламентын үед Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй гэж буй. Тэгвэл хуульч С.Нарангэрэл энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Үндсэн хуульд зааснаар УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн боломжтой бөгөөд эрхтэй. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөвхөн эрх баригчдын асуудал биш юм. Үнэхээр нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй, бодитой шаардлага Монголын нийгэмд бий болсон, эсэх талаар шинжлэх ухааны хараат бус, бие даасан, хүлээн зөвшөөрөгдсөн томоохон эрдэмтдээс бүрдсэн ийм шинжилгээг заавал хийх ёстой. Энэ талаас онцгой анхаарах асуудал бий.

Түүнээс бус, УИХ-ыг чадамжтай болгохын тулд олон нийтийн санал асуулга нэрийн дор тодорхойгүй 300 мянга гаруйхан хүнээс асуулга авсан гэж хэлэх нь хангалтгүй. Тохиолдлын маягаар санал авч болохгүй, харин Монголынхоо сонгуулийн насны нийт ард түмний дунд санал асуулга явуулж, тэднээр шүүлгэж байж өөрчлөлт оруулах ёстой. Тэгж байж тэрхүү нэмэлт өөрчлөлт нь нийт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөнө. Хэрвээ ард түмнээсээ асуухгүй бол УИХ-ын гишүүдийн саналаар хийсэн нэмэлт өөрчлөлт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй, бас л хуйвалдааны маягтай харагдана. УИХ-ын гишүүд гэж бүхнийг мэддэг мэргэд бишийн дээр ард түмнээсээ том, илүү эрх мэдэлтэй парламент гэж аль ч улсад байдаггүй” гэж байна.