Э.Эрдэнэжамъян:Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөх нь миний хүсэлт байсан

Э.Эрдэнэжамъян МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өгөөд буй. Чухам яагаад намынхаа үүрэгт ажлаас чөлөөлөгдөх болсон талаараа дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр “Намынхаа дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар нэлээдгүй хугацаанд ажиллалаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа төв штабыг удирдаж ажилласан. Ер нь бол намынхаа төлөө сэтгэл, зүтгэл гаргаж ажилласан гэдгээ нүүр бардам хэлж чадна. Тиймээс энэ удаад ачааллаа бага зэрэг хөнгөлж, шилжүүлэхийг хүссэн. Ер нь Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөх нь миний хүсэлт байсан.

Нөгөө талаас намын даалгавраар Орхон аймгийн намын даргаар сонгогдсон. Энэ ажилдаа анхаарал хандуулахыг хүсэж байна. Нөгөө талаас МАХН-ын бүтээн байгуулалт, стратегийн гол орд болох Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа хэцүүхэн байна. Энэ мэтээр хоёр талд зэрэг ажиллах хэцүү. Дээрээс нь өөрийнхөө хүсэл сонирхлоор авч явдаг Монголын скаутын холбооныхоо ажилд төдийлөн оролцож чадахгүй байна. Иймэрхүү ажлууддаа илүү цаг зав гаргах шаардлагатай гэж үзсэн.

Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Б.Тулга бол өнгөрсөн жилүүдэд надтай хамт генсекийн ажлыг давхар хийж ирсэн гэж хэлж болно. Бид нэгнийхээ дутууг нөхөж, маш сайхан гар нийлж ажилласан үе тэнгийн найзууд. Б.Тулга бол хэвлэл мэдээлэл, улс төрийн намын PR-ийн чиглэлээр АНУ-д магистр хамгаалаад ирсэн мэдлэг, чадвартай боловсон хүчин.

Ерөнхийлөгчийн дэргэд, хоёр ч яаманд дэд сайдаар ажилласан гээд улс төрийн хувьд ч туршлагатай. Тиймээс Б.Тулгыг  эрч хүчтэй, хариуцлагатайгаар намынхаа нөхдийг манлайлаад авч явах бүрэн чадвартай гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн чадах зүйлдээ дэмжиж, тусалж баруун, зүүн гар нь болж явна” хэмээн ярьжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна