Тавантолгойгоос олох орлогоо шууд эдийн засагт цутгаж болохгүй гэв

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж “Эрдэнэс тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэх аж. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орно. Бүх зүйл нь бэлэн болсон.   Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэж байсан. Тэгвэл өнөөдөр танилцуулах аж.

Тэрээр “ Эхлээд 1072 ширхэг хувьцааг ном журмынхан дагуу бүртгэж авна. Түүний дараа хөрөнгийн зах зээл дээр гаргах бэлтгэл ажлуудыг хангана. Энэ онд багтаж энэ ажлыг хийх үүрэг чиглэл өгсөн. 2018 онд багтаж Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргах ямар боломж бололцоо байна тэр чиглэлд шахаж ажил гэсэн зарчмын шаардлага тавьж байгаа. Он дамжвал үйл ажиллагаа нь суларч мэднэ. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны эдийн засагт тустай зүйл. Гэхдээ Тавантолгойгоос олох орлогоо шууд эдийн засагт цутгаж болохгүй. Ямар үр дагавар авч ирдгийн бид хангалттай амссан. Хуримтлал бий болгох хэрэгтэй. Энэ чиглэлд Норвеги улсын баялгийн сангийн 4-5 экспертийг урьсан. Норвегийн баялгийн сан яаж ажилладаг вэ гэхээр бүх орлогоо сан дээрээ төвлөрүүлж байгаад Засгийн газартаа хуваарилж өгдөг юм.  Ардчилсан намын үед Баялгийн сангийн тухай хууль УИХ дээр орж ирээд халамжийн хууль шиг болсон. Намууд эх орны хишиг, эрдэнийн хишиг гээд баялгаас олсон мөнгийг тараасан. Үүнийг өөрчилж хуримтлал бий болгодог болгоно. Ирээдүйдээ хуримтлал үлдээх заалтыг Баялгийн сангийн тухай хуульд оруулж өгнө” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна