Пенальтийн эрлэг Серхио Гойкоэчеа

1990 оны ДАШТ дээр Серхио Гойкоэчеа гэх хаалгач байлаа. Ерөнхийдөө ярвагардуу зэвүүн царайтай эр. Пенальти цохих болоход хоёр өвдөг дээрээ гараад тавиад анхааралтай ширтчихнэ. Шөвгийн 16-д Марадонагийн гайхалтай дамжуулалтаар Клаудио Канижиа урагш сугаран гарч, Клаудио Таффарелийг хууран хоосон хаалганд гоол оруулсанаар Бразилыг Аргентины шигшээ хожсон юмдаг.

Дараа нь Аргентины шигшээ Югославтай таарсан. 0:0-ээр үндсэн болон нэмэлт цагт дууслаа. Пенальтиар ялагчийг тодруулахаар болов. Энэ үед Серхио Гойкоэчеа хэмээх дуудахад амаргүй нэртэй тэр хаалгач гялалзаж билээ.

Том тэмцээнд том тоглогчид пенальти алддаг нь бараг уламжлал болчихсон зүйл. Энэ удаад ч Диего Марадона хэт зөөлөн, мөн булан руу сайн чиглүүлж цохиогүйгээс болоод хаалгачихлаа.

Тэр үед Гойкоэчеа Марадонад хэлсэн гэнэ. “Зүгээр ээ, би хоёр пенальти хаачихна” гэж. “Үнэндээ би тэр үгийг урам өгөх гэж л хэлсэн болохоос хаана гэдгээ яаж мэдэх вэ” гэж хожим тэр өчсөн байдаг.

“Би тоглогчдын хөдөлгөөн, харцыг сайн ажаад хаашаа цохихыг нь таадаг увдистай гэх үү дээ. Брновичийг цохих болоход хүчтэй цохихгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Учир нь тэр бөмбөг тавьж, алхаж байгаа нь тэгж анзаарагдсан. Тэгэхээр би урьтаж үсрэлгүй бөмбөгийг харья гэж бодсон. Тэгээд харж байгаад үсэрч хаасан.

Харин Хажибегичийн цохилтыг хаасан тухайд бол Габриэль Кальдерон Францад түүнтэй хамт тоглодог байсан юм. Тэр хэлсэн л дээ. “Ихэнхдээ зүүн талд цохидог” гэж. Тэгээд би бодсон. “Сүүлчийн цохилт. Тэр заавал гоол оруулж, тэнцүүлэх ёстой. Хамгийн чухал үе. Тэгэхээр цохиж дассан булан руугаа л цохино” гэж бодоод зүүн тийшээгээ үсэрсэн нь яг оносон” хэмээн Гойкоэчеа өгүүлжээ.

Үүний дараагийн шатанд буюу хагас шигшээд Аргентин үндсэн болон нэмэлт цагт Италитай 1:1-ээр тэнцээд, дахиад пенальти бүхнийг шийдэх боллоо.

Серхио Гойкоэчеа ийн дурсчээ. “Донадониг би илүү найдвартайгаар нь баруун талд цохих байх гэж бодсон. Гэвч тэр над руу хараад, нэлээн бодсон маягтай ажиглагдахаар нь зүгээ өөрчилж үсэрсэн юм.

Альдо Серенагийн цохилтын тухайд бол надад эхнээсээ хаашаа цохиход нь эргэлзээ байгаагүй. 193 сантиметр өндөртэй, солгой хөлөөрөө цохьдог залуу. Тэр солгой хөлтэй хөлбөмбөгчдийн хамгийн цохих дуртай хаалгачийн зүүн булан руу хүчтэй цохино гэж таамагласан. Тэгээд л үсэрсэн яг таарсан. Тэгэхэд стадион таг дуугүй болчихож билээ” хэмээн Гойкоэчеа ярьжээ. Тэгэлгүй яахав тэмцээнийг зохион явуулагч Италийн шигшээг мулталчихсан юм чинь ёстой нөгөө ялаа нисэх нь сонстсон байлгүй.

Уг нь Гойкоэчеа ДАШТ-д очихгүй байж мэдэх байлаа. Тэр Колумбын “Мильонариус” хэмээх эртний том түүхтэй багт тэр үед тоглоно. Тиймээс аргентинчууд төдийлөн сайн мэддэггүй байж.

Нери Пүмпидог үндсэн хаалгачаар авч явах нь тодорхой болмогц Луис Ислас шигшээгийн хоёр дахь хаалгачаар ДАШТ-д очихоос татгалзсан юм билээ. Ингээд хоёр дахь хаалгачийн үүрэг дээр тэр буужээ.

Гэтэл ДАШТ-ий эхний тун дуулиантай тоглолтод Нери Пүмпидогийн баруун хөл хугарч, дараагийн тоглолтод гарах боломжгүй болсон юм. Ингэж л Гойкоэчеад боломж гарсан.

Серхио Гойкоэчеа дээр дурьдсан дөрвөн пенальти хаасан амжилтаараа ДАШТ-ий түүхэнд толгой цохидог. Германы алдарт хаалгач Харальд Шумахер мөн дөрвөн пенальти хаасан ч гэсэн хоёр ДАШТ-ий нийлбэр дүнгээр дөрөв болсон юм. Харин Гойкоэчеа бол ганц ДАШТ-д дөрвийг хаачихсан. Үүгээрээ тэр зартай. Пенальтийн эрлэг юм даа. Ер нь Аргентиныг 1990 оны финалд хүргэсэн гол хүн бол Серхио Гойкоэчеа гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.

Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна