Амны хөндийн эрүүл мэнд муу байх нь хүүхдийн сурах чадвар, танин мэдэхүйд сөрөг нөлөөтэй

Дэлхийн хөгжиж буй орнуудын хүүхэд, өсвөр үеийнхний 60-90 хувь нь шүд хорхойтох эмгэгтэй, Ази, Латин Америкийн зарим орнуудад түүнээс дээш хувьтай тохиолдож байна. Амны хөндийн эрүүл мэнд муу байх нь хүүхдийн сурах чадвар, танин мэдэхүйд сөрөг нөлөөтэй. Энэ эмгэгийн улмаас дэлхий дээр жилд 50 сая гаруй сурагчийн хичээлийн цаг тасалдаг байна.

Дэлхий дээр суулгалт өвчний улмаас жил бүр ойролцоогоор 2 сая хүүхэд энддэг тооцоо байна. Дэлхий дээр ойролцоогоор 400 сая гаруй сургуулийн насны хүүхэд няш шимэгч хорхойн халдвар авдаг. Гараа тогтмол угаах нь суулгалт өвчнөөр өвдөх тохиолдлыг 45 хувиар бууруулдаг.

Эрүүл байхад олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хүн өөрийнхөө зан үйлийг хянах боломжтой. Эрүүл амьдрах зан үйлийг багаас нь төлөвшүүлбэл эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж эрүүл хэв маягаар амьдрах болно. Хүүхдийг эрүүл мэндээ хамгаалах зөв мэдлэг, чадвар, дадал хандлагатай болгож төлөвшүүлэх үйл явцыг багаас нь эхлэх хэрэгтэй. 

Манай улсад 2013 онд хийгдсэн дэлхий дахины сургуульд суурилсан судалгаагаар судалгаанд хамрагдсан сурагчдын 90 гаруй хувь нь шүдээ өдөр бүр угаадаг дадалтай байна. Судалгаанд хамрагдсан 4 сурагчийн 1 нь хоол идэхийн өмнө болон ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа угааж хэвшээгүй дадалтай байгааг энэхүү судалгааны дүн харууллаа. Сурагчдын гараа угааж хэвшээгүй зан үйл хөдөөгийн хүүхдэд илүүтэй байгаа нь тогтоогдсон. Судалгаанд хамрагдсан 2 сурагчийн 1 нь сургууль дээр хоол, цай уухаас өмнө гараа угаадаггүй дадалтай байна. Энэ нь сургуулийн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээтэй холбоотой байж болохыг сурагчдын сургуулийн орчин дахь угаалтуур, суултуур хүрэлцээгүй, огт байхгүй гэсэн хариултаас харагдсан.

НЭМҮТ-өөс 2014 онд хийгдсэн сургуулийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үнэлгээгээр судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 34.6 хувь нь сургууль дээрээ шаардлагатай үедээ гар угаагуурыг ашиглаж чаддаггүй байна. Ариутгах татуургын сүлжээнд холбогдоогүй сургуулиудын нэг угаагуур, суултуурт ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж улмаар хүүхдийн байгууллагад гэдэсний болон бусад халдварт өвчин дамжин тархах нөхцлийг бүрдүүлэх боломжтой байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд ус, ариун цэвэртэй холбоотой хамгийн тулгамдаж буй зүйл нь гар угаагуур, бие засах газрын хүртээмжийн асуудал байна. Ихэнх сургуулиуд төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гадаа бие засах газартай байна. Сурагчид ам цангасан үедээ сургууль дээрээ ундны цэвэр усаар хангагдаж чадахгүй ус дуталд өртөж байна. Сургуулиуд өөрсдийн нөөц, боломж, төсөл хөтөлбөрийн тусламжтай ус, ариун цэврийн зарим нэг асуудлуудыг шийдвэрлэгдэг ч энэ нь хангалтгүй байна гэсэн судалгааны  үр дүн гарсан байна.

Ариун цэврийн байгууламжуудыг цогцоор нь шийдсэнээр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурах нөхцөл бүрдэж цэвэр орчинд, ариутгасан ундны ус ашиглах боломжтой болсноор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

НЭМҮТ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна