Баялгийг “хуримтлуулах”  ухаан!

“Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэгчлэн өөрсдийнхөө тухай үнэнийг бусдаас сонсож дуулах нь  гашуун боловч алсдаа хэрэгтэй эд л дээ. Бидэнд бахархам сайхан түүх бий. Түүгээрээ ч  омогшдог. Гэхдээ  шинэ цагийн Монголчууд шинэ түүхийг бичиж байгаагийн хувьд дэлхийн хөгжлөөс үргэлж хоцроод байж болохгүй. Хүн амынх нь багахан хувь хэт тансаг хэрэглээндээ бялуурч байхад, дийлэнх  олонх нь дутуу гучуугийн өгөгдөлтэй мэт  цалингаас цалингийн хооронд өр шир тавьж, өнөө маргаашаа чадан ядан аргалж,  ядруухан амьдарсаар нэг насаа барна гэдэг дэндүү харамсалтай хэрэг. Магадгүй ингэж хэлэхээр  эдийн засаг хүндэрч, улс орон даяараа хямарчихаад, бүсээ чангалж  байхад юугаа яриад байгаа юм, харин ч  цалинтайгаа  байгаа нь сайн хэрэг гэж хэлэгсэд  эрх баригчдын дунд  байж болох юм. Тэгвэл үгүй ээ. Тийм биш байгаад байна.

Бид маргаашийг өнөөдрөөс илүү сайхан байгаасай гэж боддог л бол ирээдүйдээ зориулсан хуримтлалыг бий болгож занших хэрэгтэй байж, аль эртнээс. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш төрийг удирдсан эрх баригчид ч, тэр он жилүүдэд амьдарч ирсэн Монголын ард иргэд ч ХУРИМТЛАЛ ямар чухал зүйл болохыг  нэг л сайн ухаарсангүй явж иржээ.

Би вээр “Төрийн зүгээс Үндэсний хуримтлалыг өсгөж нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авбал зохистой бол?” гэсэн асуултыг хэд хэдэн хүнд тавьсан юм. Тэгтэл нэр бүхий  нэгэн эрхэм хариулахдаа “Төрд  өөрт нь хийх ажил зөндөө байхад, заавал ийм юм хийлгэж яах гээд байгаа юм” гэсэн утгатай хариултыг өгсөн. Яахав, нэг талаас тийм байж болно л доо. Хөгжил тааруу, улстөрчид нь “поп”-дох дуртай өнөөдрийн Монголын төрд хийх ажил их байгаа нь үнэн. Гэхдээ, Үндэсний хуримтлал гэдэг юмны учир начир хийгээд холын ач холбогдлыг ухаж мэддэг эрхмүүд ТӨР-д түмнийг төлөөлж байгаа бол үндэсний хуримтлалын асуудалд санаагаа чилээж,  эрхзүйн орчны хувьд, бодлогын тал дээр арга хэмжээнүүд авч болохыг үгүйсгэж болохгүй л байх.

Дэлхийн эдийн засгийн салхи шуурга болоод гол түнш Хятад орны бодлого сэлттэй холбоотойгоор шургаж уначихаад байхгүй хэмжээний дотоод нөөц бололцоотой, дархлаатай байя л гэвэл манай улс  гадаад валютын нөөцөөр боломжийн,  ард иргэдийн хувьд хурааж хумьсан юмтай, банкинд хадгалуулсан хэдэн төгрөгтэй,  компаниудын тухайд мөн л өөрийн боломжийн хөрөнгөтэй, хуримтлуулсан ашигтай л байх ёстой л доо. Эдгээр нь цогц утгаараа Үндэсний хуримтлалыг бүрдүүлнэ гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа. Тэгэхээр эндээс харахад төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүд  хүссэн хүсээгүй үндэсний хуримтлалтай холбогдож таарна л гэсэн үг.

Монгол Улсын хуримтлалыг  2015 онд 3,289.98 сая ам.доллар гэсэн судалгааг Дэлхийн банкнаас хийсэн бол  2009 онд Монгол Улсын Дотоодын нийт  хуримтлал 1.7 тэрбум ам.доллар байсан гэсэн мэдээлэл “Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаа 2010” тайланд нийтлэгдсэн байдаг.

Ер нь бол Үндэсний хуримтлал тухайн улс орны эдийн засгийн хийгээд нийгмийн тогтвортой байдлын баталгаа болсон чухал асуудал юм. Алдарт эдийн засагч Людвиг фон Мизес  хямралын шалтгаан нь хадгаламжийн хэт бага хуримтлал болон хэт өндөр хэрэглээ гэж үзэж  хуримтлалыг нэмэгдүүлэхийн тулд төрийн зардлыг танах хэрэгтэй гэж олон арван жилийн өмнө хэлсэн байдаг. Одоо ч энэ сэдэв халуун чигээрээ л байгаа. Монголын төр уул уурхайгаас өнгөрсөн жилүүдэд орж ирсэн орлогоо ухаалаг удирдаж чадсан бол өнөөдрийн хямралын салхи хамаагүй аядуухан сэвэлзэж, Монголын эдийн засаг ингэтлээ шилбүүрдүүлэхгүй байж болох шүү дээ.

За тэгээд амьдрал бидэнд “хичээл”-ээ заасаар байна. Нэгэнтээ тулж ирсэн нөхцөл байдлыг туулж гарахын тулд биднээс өөр байхыг шаардаж байна.  Монгол Улсаа хуримтлалтай улс болгож, эдийн засгаа дархлаажуулъя гэвэл ИРГЭН бүр ХУРИМТЛАЛ-тай болъё. Монголчууд бүгдээрээ хуримтлалтай болж, хуримтлалаа заншил болгочихвол, тэр нь эргээд эдийн засагтаа хийж буй вакцин болно. Улс орон хямарлаа гэхэд, үгүйдээ л таны ажилладаг компани цалингаа тогтмол хугацаандаа тавьж чадахгүй байлаа гэхэд мөнгөний эрэлд хатаж шаналдаггүй, мөнгө хүүлэгчдийн халаасанд орж зовдоггүй байхын тулд ерөөсөө л өнөөдрөөс эхлээд та хуримтлуулах хэрэгтэй.

Яг ийм хямралын үед яаж хуримтлуулах юм бэ? гэж үү. Магад та, ийм асуулт тавьж болох юм. Тэгвэл энэ хандлагадаа бид “хувьсгал” хийе л дээ. Эдийн засаг хямарсан гэж буй ч, иргэн та цалин орлоготой байгаа л бол тодорхой хэсгийг цааш нь хийгээд байна. Цалингийнхаа 13 хувийг цааш нь хийгээд байхад ер мэдэгддэггүй юм гэж  ээж маань хэлдэг. Тэгж хуримтлуулаад заншчихсан, тэр нь амьдралынх нь зуршил болчихсон хүний үг л дээ. Тэгэхээр та хэдэн ч төгрөгийн цалин авдаг байсан яг тэдэн хувийг нь хуримтлалын дансандаа хийж хадгална гэсэн зуршилтай болох хэрэгтэй. Уг нь бол орлогоосоо зарцуулалтаа хийгээд үлдсэн мөнгийг нь хадгалах ёстой гэдэг ч, хэрэв хадгалах зуршилтай болъё гэж байгаа бол гар дээрээ ирэх цалингаасаа хадгалах мөнгөө түрүүлээд хасчихад гэмгүй. Тэгээд зарцуулалтаа хийхэд яагаад болохгүй гэж.

Монгол Улсын иргэн бүр хуримтлалтай  болоход хэрэгтэй байж болох зарим асуудлуудыг дор өгүүлье.

Хадгаламжтай байж заншсан хүүхэд санхүүгийн зөв шийдвэр гаргадаг

Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн Монголыг нуруундаа үүрч явах хүмүүс. Тэр ч утгаараа хариуцлагатай, хүчтэй хүмүүс болгож, өсгөж өндийлгөх нь эцэг эхчүүдийн үүрэг юм. Хүүхдүүд өөрийн гэсэн орлогогүй, банкин дээр  очоод хуримтлалын данс  нээлгэх чадамжгүй ч,  тэдэнд багаас нь санхүүгийн боловсрол  олгох нь Үндэсний хуримтлалтай ирээдүйн Монголыг бүтээх гол эхлэл юм. Бидний талаар хатуу боловч үнэн нэг тодорхойлолт Дэлхийн банкнаас хийсэн судалгаан дотор байсан юм. Юу гэхээр “Монгол  Улсын хүн амын ихэнх нь тоо бодох үндсэн чадвар эзэмшсэн ч гэлээ Монголчуудын дунд хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай үндсэн  санхүүгийн ойлголтын талаарх мэдлэг маш хязгаарлагдмал байна… Бичиг үсэг тайлагдаагүй иргэд, бага орлоготой иргэд мөн  Монголын баруун бүст амьдарч буй хөдөөгийн иргэд болон хүүхэд ахуйгаас хуримтлал үүсгэх талаар суралцаагүй иргэд хүн амын бусад бүлэгтэй харьцуулбал  инфляц, хүү мөн эрсдлийг төрөлжүүлэн хуваарилах талаар бага мэдлэгтэй байгаа нь  харагдаж байна…”  хэмээн өгүүлжээ. Энэ бол үнэн. Тэгэхээр бид өнөөдрийн хүүхэд багачууддаа цаг алдалгүй, тохирсон арга хэлбэрээр  санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй байгаа юм. Судалгаанаас харахад  хүүхэд ахуйгаасаа хадгаламжтай байж заншсан хүмүүс хүүхэд ахуйдаа  хадгаламжтай байж заншаагүй хүмүүстэй харьцуулбал бүхий л санхүүгийн   чадавхын чиглэлээр өндөр оноо авсан байдаг  аж.

Ерөөс хадгалж, хуримтлуулж чадаж байгаа хүн бол орлогоо маш зөв зарцуулж чаддаг, зардал мөнгөтэй холбоотой зөв  шийдвэрүүд гаргаж чаддаг хүн байдаг юм байна л даа. За тэгээд хүүхэд байхаасаа хадгаламж, хуримтлалтай  байсан хүмүүс амьдрал дээр санаачлагатай, ирээдүйн талаарх тодорхой төсөөлөл, төлөвлөгөөтэй хүмүүс болж өсч өндийдөг аж. Тэгэхээр хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох чиглэлийн мэдлэг, мэдээллийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж яагаад болохгүй гэж?  Жишээ нь, дунд сургуулийн тоо математикийн хичээл, нийгэм судлалын хичээлийн ном сурах бичигт  тэр талаар тохирсон хэлбэрээр оруулж өгч болно шүү дээ. Мэдээж энд багш нарыг заах аргын тал дээр бэлтгэх шаардлага бас гарч таарна. Мөн сурагчдын эцэг эх рүү чиглэсэн  санхүүгийн чадавхын сургалтыг явуулбал үр дүнгээ хурдан өгч болох юм гэдгийг судлаачид хэлдэг.

Хамт олноороо нэгдэж хуримтлуулъя!

Таван жилийн өмнө байх аа, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн зөвлөх эмч Г.Оюунаар ахлуулсан их эмч, сувилагч, ажилтнаас бүрдсэн таван хүн Шинжаан  Уйгурын өөртөө засах орны Үрүмчи хот руу долоо хоногийн хугацаатай аялаад иржээ. Гол нь тэд том дарга нар шиг төсвийн мөнгөөр тэгж аялаагүй. Харин тус эмнэлгийн хамт олон өөрсдийн саналаар сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэж, тэндээсээ хамт олныхоо нийгмийн асуудлыг энэ мэтээр шийдвэрлэдэг болсон байдаг юм. Тэд өнгөрсөн жилүүдэд өөрсдийн хуримтлалаараа өөрсдөдөө хэрэгтэй цөөнгүй асуудлыг шийдсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ бол сайн жишээ юм. Тэгэхээр бусад албан байгууллага, компаниуд ч ийм байдлаар харилцагч банкиндаа хуримтлалын тусгай данс нээж болно шүү дээ. Тийм ч их мөнгө байх албагүй. Гэхдээ л албан журмын хуримтлал маягийн хэлбэрээр ажилтнуудаас тодорхой мөнгө авч, хуримтлуулдаг эргээд тэрийгээ хэрэгцээтэй  үедээ зарцуулдаг, байгууллагын ажилтнуудын хуримтлалын мэдээлэл нь ил тод байдаг,  тухайн ажилтан ажлаасаа гарлаа гэхэд өнгөрсөн хугацаанд түүний цалингаас авч хуримтлуулсан мөнгийг нь эргээд олгодог байх гэхчлэн янз бүрийн зохицуулалт байж болно.

Мөн төрийн өмчит компаниуд, үйлдвэрүүдийн тухайд  менежмэнтийн өөрчлөлт хийх ёстой талаар сүүлийн жилүүдэд нэлээд ярьж байгаа. Тэрчлэн хууль журам зөрчсөн шахааны бизнес, хэдхэн хүнд ашиг өгдөг тендертэй зууралдаж, улсын эдийн засагт нэрмээс болж байхынхаа оронд жилийн орлогынхоо тодорхой хувийг ХУРИМТЛАЛ болгож нөөцөлдөг байж яагаад болохгүй гэж?

Монголын “Макутано уулзвар”-ыг бүтээе!

Хуримтлалыг зуршил болгочихсон ард түмэн биднээс нэг их холгүй бий. Өмнөд хөршийн дундаж өрх орлогынхоо 30 хувийг хадгалж, хуримтлуулдаг гэх судалгаа бий. Ингээд хэлэхээр ганц, ганц хүүхэдтэй хятад өрхтэй өөрсдийгөө харьцуулаад байх шаардлага байна уу гэж хэлэх хүн гарч юуны магад. Тэгвэл уучлаарай, тэд маргаашийнхаа амьдрах нөхцөлийг өнөөдрийнхөө хуримтлалаар бий болгож чадаж байгаа юм.  Мөн азийн тэргүүлэх эдийн засагтай улсууд болох Япон, Солонгост ч иргэдийнх нь санхүүгийн боловсрол өндөр бөгөөд хуримтлуулах, хадгалах зуршил харьцангуй өндөр аж.

Ер нь бол насанд хүрсэн хүмүүсийн хандлага, зуршил, сонголтыг өөрчлөхөд  тодорхой хугацаа орж таарна. Түүнчлэн иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахын тулд сошиал хуудсуудаас гадна  телевизийн олон ангит кино, бүрэн хэмжээний кино, видео  бичлэг эсхүл радио хөтөлбөр гэх мэт  сувгуудаар гол мэссэжийг түгээх нь нэлээд үр дүнтэй байдаг ажээ. Тухайлбал, Кени улсад “Макутано уулзвар”  гэх нэртэй телевизийн олон  ангит киноны зохиолын зарим хэсэгт санхүүгийн боловсролын мэссэжүүдийг  оруулсан нь үзэгчдийн санхүүгийн боловсролд сайн нөлөөллийг үзүүлсэн байдаг аж. Энэ кино иргэдийг гудсан доор мөнгөө хадгалахаас илүү тогтмол хадгаламжиндаа хийхэд, банкинд данс нээлгэхэд ихэд нөлөөлсөн гэж үздэг байна. “Макутано уулзвар” хэмээх кинон дээр гардаг дүрүүд бодит амьдрал дээрх хүмүүсийнхтэй адил, санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж буй байдал, гаргаж байгаа шийдвэр зэрэг нь бодит амьдралтай нийцэж байжээ.

Тэгвэл манай улсад ч ийм маягаар иргэдийнхээ санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулж болох юм.

Э.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна