Өнөөдөр: Монголын үндэсний сэтгүүлзүй 105 нас хүрлээ

Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

105 жилийн өмнөх энэ өдөр  “Шинэ толь” хэмээх бичиг сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол Улсад сэтгүүлзүй үүссэн хэмээн үздэг юм. Түүх өгүүлэхэд, “Шинэ толь” хэмээх бичиг сонин нь Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу 1913 оны 3 дугаар сарын 6-нд анхны дугаар нь гарч байлаа.

Сонин Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээлд гарч байсан нь хоёр талын эрх ашигт нийцэж байжээ. Монголын дэвшилтэт  сэхээтнүүд Оросын хэвлэлийн баазыг ашиглан тогтмол хэвлэл гаргахыг зорьж байсан бол Оросууд уг хэвлэлд өөрийн бодлогыг шургуулах эрмэлзэлтэй байв.

 “Шинэ толь” бичиг сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан юм. Тэрбээр  Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь” сэтгүүл, “Нийслэл хүрээний сонин бичиг” зэргийг эрхлэн гаргаж монголын сэтгүүлзүйн салбарыг үндэслэсэн эрхэм юм.

“Шинэ толь” бичиг сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарчээ.  Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин хүрдэг байжээ. Монголын үндэсний сэтгүүлзүй ингэж үүсч байжээ.

Тэгвэл өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбар олон өнгө төрхийг агуулсан том бүтэц болжээ. Нийгмийн өмнө “хоточ нохойн” үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн хандлагыг хуулиар биш харин нийгмийн жам ёсны хүлээлтээр оноогоод өөртөө авчихсан Монголын  сэтгүүл зүйн салбар 105 жилийн ойтойгоо золгож буйг дахин тодотгоход таатай байна.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна