Квентин Тарантиногийн 9 дэх кинонд Брэд Питт, Ди Каприо нар хамт тоглоно

Квентин Тарантино  9 дэх уран сайхны кинондоо тоглох жүжигчдийн сонголтыг хийж байна. Холливудын нэгэн сонирхолтой түүхийг хүүрнэх Once Upon A Time In Hollywood киноны гол дүрд  Леонардо Ди Каприо уригдсан бол түүн дээр Брэд Питтийг нэмжээ.

Киноны гол баатар Рик Далтон /Леонардо Ди Каприо/-ы салшгүй хамтрагч Клифф Бутын дүрийг Брэд Питт амилуулах юм.

“1969 онд Лос-Анжелест хиппинүүдийн хөдөлгөөн газар авч, хуучин шоуны од Рик Далтон найз Клифф Бутынхаа хамт Холливудад хөлөө олохоор тэмцэхийн зэрэгцээ Итали руу гарахаар төлөвлөнө. Гэвч Рикийн хөрш Шэрон Тэйт гэх нэгэн бүсгүй байх...” хэмээн Квентин Тарантино бүтээлийнхээ үйл явдлын эхнээс хальт дурьджээ.

Шэрон Тэйтийн дүрд Марго Роббиг урихаар Квентин Тарантино шийдсэн гэнэ.

“Би энэ киноны зохиол дээр таван жил ажилласан. Лос-Анжелест насаараа шахуу амьдарч буй хүний хувьд эндэхийн тухай хэн хүний мэдэхгүй нэгэн түүхийг хүүрнэх гэж тэвчиж ядаж явна. Үйл явдал өрнөх 1969 онд би долоон настай мөн л энд, Лос-Анжелест байсан. Ди Каприо, Брэд Питт хоёр хамтран тоглохоор болсон нь үнэхээр сэтгэл хөдөлгөлөө” хэмээн Тарантино өгүүлжээ.

Клифф Бутын дүрд Том Крузыг урих тухай бодолхийлж үзсэн ч эцэстээ сонголт Брэд Питт дээр буужээ.  Мөн кинонд Роман Поланскигийн дүрийг бүтээх жүжигчнийг хайж буй сурагтай. Энэ кинонд холливудын өөр нэгэн домог тоглохоор болсон нь Аль Пачино юм.

Киноны зураг авалт ирэх зун эхэлж, 2019 оны наймдугаар сарын 9 гэхэд дэлхий нийтэд бүтээлээ үзүүлэхээр Квентин Тарантино товложээ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)