Д.Сугарыг  халдашгүй суудлаас нь ХУУЛЬ  холдуулж чадахгүй юу?

Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 2013 оны 10-р сарын 23-нд “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа “Үндсэн хууль, Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг Цэцийн шийдвэргүйгээр шалгаж болохгүй гээд заачихсан. Тэгэхээр Цэцийн есөн гишүүн хуралдаад, шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ. Прокурор Цэцэд хоёр ч удаа хандсан боловч хүлээж аваагүй. Хэрэв Ш.Батхүүтэй холбоотой хэрэгт гарын үсэг хуурамч эсэх нь тодорхой болбол, хэрвээ үүнд Д.Сугар гэдэг хүн гарын үсэг зурсан нь тогтоогдвол Цэцийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавих боломжтой” хэмээн ярьсан байдаг. Тэгвэл одоо 2018 он.

Д.Сугар гарын  үсэг зурсныг баримтжуулсан мэдээллүүд цацагдаж байна. Тэгвэл  Х.Тэмүүжийн 5 жилийн дараа мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр “Амыг нь асуугаад, хариуцлагыг нь нэхээд, халдашгүй суудлаас нь холдуулах цаг ирж дээ. Цэцийн гишүүний халдашгүй байдалтай холбоотой маргаан Эрдэнэтийн маргаан шиг бас энэ хүн дээр байгаа гэл үү! Өөртэй нь холбоотой маргаан бүр яагаад энэ хүн дээр хуваарилагдаад байдаг юм бол!” хэмээн жиргээд авчээ.

Үнэхээр ч Д.Сугар гэж хүн өөртэйгөө холбоотой асуудлыг өөрөө шийдээд сууж байдаг даварсан дархан эрхтэй нэгэн. Сая гэхэд л “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрийг бүр өөрөө танилцуулаад зогсож байсан.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой аливаа асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй хүн бол тэр яах аргагүй мөн. “Стандарт” банкны барьцаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалах бусармаг үйл хэрэгт хуруу гар оролцсон хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэхгүй бол өөр хэнийг тэгж хэлэх билээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувьтай холбоотой, Стандарт банкны нэхэмжлэлтэй асуудлын талаар засгаас гаргасан мэдээлэлд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны тухай дурдсан байсан.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж зээл авсан талаар тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлсэн гэсэн байдаг. Тэгэхээр тухайн үед ТӨХ-г удирдаж байсан Д.Сугар бүх зүйлийг мэдэж байсан нь ойлгогддог. Гэсэн ч энэ хүнд хууль үйлчилдэггүй.

Д.Сугарыг халдашгүй байдлаас нь юу холдуулж дийлэхийг хэлэхэд үнэндээ бэрх, ийм л эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна.

Эх сурвалж: Hunnu.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Ene sugardag Sugar gedeg hyn yamar olon yumand holbogdson hyn be gemgyi yum bol eeree garch ireed tegsen ingesen geed yarimaar yum
    2018 оны 03 сарын 13 | Хариулах