Сэтгэлийн шархыг эмчилвэл эрүүл аз жаргалтай амьдарч чадна

Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн төвийн Тэргүүн, Focus on the Family Mongolia-Гэр Бүл Анхаарлын Төвд Төвийн Тэргүүн, Клиник Сэтгэл Засалч T.Хонгорзулын ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. Бид өмнө "Охид эр хүний сонголт хийхэд аавуудын нөлөө их байдаг", "Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээ дутагдаж байгааг хэрхэн мэдэх вэ?", "Хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг хүчин зүйлс" зэрэг сонирхолтой болон эцэг эхчүүдэд нэн хэрэгтэй түүний зөвлөгөөнүүдийг хүргэж байсан. Харин энэ удаад "Сэтгэлийн шархыг эмчилвэл эрүүл аз жаргалтай амьдарч чадна" зөвлөгөөг хүргэж байна.

Сэтгэл харагдахгүй ч маш их өвдөлт шархыг тээж байдаг!

Та хэн нэгэнд амархан гомдож, уур бухимдал хүрч, гуниглаж эвсэл санаа зовниж айж түгшиж байна уу? Эдгээр мэдрэмжүүд таныг зовоож улмаар сөрөг бодлууд толгойд тань эргэлдэж нойр хулжих, анхаарал төвлөрөхгүй, үр бүтээлгүй болох, амьдралын идэвхи санаачлага байхгүй болох, эрч хүчгүй болох гэх мэт шинж тэмдэгүүд илэрч байна уу? Хэдийгээр сэтгэлийн шарх харагдахгүй ч биднийг хамгийн их өвтгөн шаналгаж байдаг. Улмаар бидний бүхий л хэсэгт нөлөөлж байдаг.

Сэтгэлийн шархыг биеийн шархтай зүйрлэх нь

Таны бие өвдөх үед танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Бие өвдөх үед хүмүүс эмч дээр очиж шинж тэмдэгүүдээ хэлж шинжилгээ өгөөд зохих эмийг уусны дараа эдгэрдэг. Биеийн өвдөлтийн үүсгэгчийг зөв тогтоож вирусийн гаралтай юу эсвэл бактерийн гаралтай юу гэдгийг тодорхойлж эмчилгээ хийлгэдэг. Гэвч хүмүүс сэтгэл өвдөх үед яахаа сайн мэддэггүй ба арга хэмжээ авдаггүй. Улмаар энэ нь цаашаа идээ бээр болж өрөвсөж бусад эд эрхтэнийг гэмтээж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл улам шархалдаг. Танд таагүй төрж буй мэдрэмж юунаас үүсгэж байна гэдгийг олох нь чухал байдаг.

Цаг хугацаа сэтгэлийн шархыг анагаана гэдэг боломжгүй!

Хэн нэгэн хүнд гомдож муудалцаад хүмүүс дийлэнхдээ өөрт төрж буй мэдрэмж сэтгэгдлийг хуваалцалгүй өнгөрөх, төрж буй мэдрэмжийг үгүйсгэх, дарах, цаг хугацаа анагаана гэж өөрсдийгөө хуурдаг. Бидэнд төрсөн таагүй сэтгэгдэл аяндаа алга болно гэж хэзээ ч байдаггүй бидний тархинд бичигдэн үлддэг. Энэ нь тэр хүнийг дотроос нь идэж байдаг. Улмаар тухайн нөхцөл байдал болон адил төстэй хүн үйл явдалтай нүүр тулах үед өмнө нь мэдэрч байсан мэдрэмж сэдэрч илүү хүчтэй мэдрэмж төрдөг. Аливаа зөрчил маргаан гарах үед өмнөх мэдрэмж сэдэрснээр түргэн риакцалах юмуу хариу үйлддэг. Өмнө нь чи намайг тэгж хэлээ биздээ, өмнө нь чи намайг гомдоогоо биз дээ хэмээн асуудал улам хурцддаг.

Сэтгэлийн шархыг хэрхэн анагаах вэ?

Хэрвээ таны сэтгэл санаа өмнөх болсон таагүй үйл явдлыг бодоод шаналах юмуу сэтгэлээр унах, уурлаж бухимдах, юмуу айдастай байгаа бол тухайн асуудал шийдэгдээгүй байна гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг хүнд үргэлж баяртай аз жаргалтай мэдрэмж төрөхгүй л лавтай гэвч сөрөг мэдрэмж төрөх үед үүнийг эрүүл замаар гадагшлуулаагүй, үүнийг үгүйсгэж дарах нь сөрөг нөлөөтэй. Таны сэтгэлийг зовоож буй асуудлыг өөрийн итгэл хүлээсэн хүндээ хуваалцах, цаасан дээр байгаагаар нь бичиж урах, ганцаараа байхдаа мэдрэмжээ байгаагаар нь гаргах зэрэг нь тустай. Болсон таагүй явдал, хэн нэгэн хүнд гомдсон гомдлоо тайлах үед танд хэдийгээр тухайн шарх сорвитой харагдаж байгаа ч дарахад үед өвдөлт өгөхгүй болно гэсэн үг. Хэн нэгэнд төрсөн сэтгэгдлээ хуваалцаж асуудлыг аль болох хурдан шийдэх нь танд эрүүл бас аз жаргалыг авчрах болно!

 

 

Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн төвийн Тэргүүн,

Focus on the Family Mongolia-Гэр Бүл Анхаарлын Төвд Төвийн Тэргүүн

Клиник Сэтгэл Засалч: T. Хонгорзул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Focus on the Family Mongolia
    Сайн байна уу 88834343 дугаараар холбогдон цаг товлон уулзаарай баярлалаа
    2018 оны 03 сарын 28 | Хариулах
  • ganaa
    Shn zuvluguu bn . Yaj holbogdoh ve
    2018 оны 03 сарын 26 | Хариулах
  • Tantai holbogdoj asuuj yarilcaj bolhuu holboo barih utas bna uu
    2018 оны 03 сарын 25 | Хариулах