“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ОУВС сэтгэл хангалуун байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулзав.

Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ОУВС-д талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байна гэлээ.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Кристин Лагард илэрхийлэв. Тэрээр ОУВС-гийн баг ирэх зургаадугаар сард Монголд ажиллан, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монголын холбогдох байгууллагуудтай ярилцахаар төлөвлөж буйг мэдээлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан байна. 

ЗГХМОНХХ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна