УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийднэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга  Ц.Нямдорж танилцууллаа. 

Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг дагнан хариуцаж, энэ хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилладаг бөгөөд дэд хорооны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцоогүй байна. 

Улсын Ерөнхий прокуророос Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн байсан бөгөөд холбогдох хуулийн дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцжээ. Хуралдааны үеэр Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал, одоо мөрдөж буй хуулийн заалтыг харьцуулж үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх үндэслэлийг заасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон.

Одоогоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт ороогүй байгааюм байна. Тиймээс дээрх хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаархи Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн гэлээ. Иймд хуралдаанд оролцсон дэд хорооны гишүүд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдсон хууль, эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 02 дугаар тогтоолыг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс мэдээлэл өгсөн. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Батнасан, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлж, санал хэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна