С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулжээ

Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас өнөөдөр орой түр саатуулжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж, түр саатуулах шийдвэр гаргасан бололтой.

АТГ-аас тухайн үед С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой эсэх асуудлаар 10 гаруй цаг байцаалт авч  байсан юм. Мөн тэрээр Их Британи улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар сууж байгаад, өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд байсан юм.

Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг баривчилсан байна. Тэрээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд тэрээр өнөөдөр АТГ-т мөн байцаалт өгчээ. Гэвч АТГ-аас Ч.Сайханбилэгийг Оюутолгойн  хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж, Дубайн гэрээг байгуулсан гэх асуудлаар сэжигтнээр татан АТГ-аас шалгаж эхлээд байсан юм. 

Одоогоор тэднийг ямар хугацаагаар саатуулах нь тодорхойгүй байна. ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид тэднийг саатуулжээ. 

С.Баярыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа юм. Яг долоо хоногийн өмнө С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр мөн баривчилсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна