“Монголын мистер -2018” УАШТ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа нэмэгдлээ

 

“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болно.

Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаагаас гадна олон онцлог зүйл байгаа юм.

Монголын бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар:

Энэ жилийн “Монголын мистер-2018” УАШТ-нд тайзны засалтаас эхлээд олон онцлог бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа шинээр нэмэгдэж байгаа бөгөөд уг спортоор хичээллэж, үр дүн гаргаж, нийгэмдээ зөв чиг хандлага үзүүлж байгаа учраас Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо дэмжин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уг тэмцээнд оролцуулснаар бусдадаа зөв үлгэр дуурайл болж, өөрт тулгарах бэрхшээлийг даван туулахад нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.  

С.Сүх-Очир Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга

“Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын бодибилдинг фитнессийн холбоотой сайн дурын үндсэн дээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй фитнесс клубт залуучуудыг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр хамрагдах, хичээллэх боломжийг олгож эхлээд байна. Ингэхдээ өдрийн цаг буюу бизнесийн үр ашиггүй цагт хамрагдана гэж цагийн хязгаарлалт тавьсан байгаа. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэх боломж бололцоог бий болгож ажиллана гэснийг дагуу дээрх ажлыг хийж байна.”

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 төгрөг дагалдана.

Бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм. Үүний нэг жишээ бол 5 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын Мистер Олимп тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм.  

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд оролцогчид нийт 19 ангиллаар өрсөлдөнө.

Мастер ангилал: 50 наснаас дээш

Залуучуудын ангилал: 21 хүртэлх

Бодибилдинг ангилал: 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг +80кг

Фитнесс ангилал: Эрэгтэй, эмэгтэй ангилал

Эмэгтэй модель ангилал: 160 см хүртэл, 165см  хүртэл, 165 см дээш

Эрэгтэй спорт модель 170 см хүртэл, 175 см хүртэл, 175 см дээш гэсэн ангиллуудаар өрсөлдөнө. 

Приус центр ХХК Монголын мистер тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байна. Мөн Дабль Пирамид ХХК, Сибирийн эрүүл мэндийн байгууллага, Батаар ХХК, Үндэсний спорт хувцасны брэнд, Ногоон сор ХХК, Профит фитнесс клуб, “АNN” ХХК /уургийн компани/ зэрэг компаниуд ивээн тэтгэж байна. 

Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар Дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгтэй ярилцлаа. 

 "МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИД ДЭЛХИЙН ТАВЦАНД ӨРСӨЛДӨХӨӨР ЧАДВАРЛАГ БОЛСОН"

Г.Угалзцэцэг: “Энэ спортоор манай ард иргэдийн 70-80% нь хичээллэж байна. Хичээллэхэд насны хязгаар байдаггүй. Энэ спортын тамирчин болох гэж эсвэл эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавьж, мөн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготойгоор олон хүн энэ спортоор хичээллэж байна. Мэргэжлийн тамирчдын хувьд дэлхийн тавцанд өрсөлдөхөөр чадварлаг болж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд эмэгтэй тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа эхний гурван байрыг эзэллээ. Жилд бүр дэлхийн аваргатай болж байна. Тиймээс бид 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан. Сүүлийн үед тамирчид Ази, Дэлхийн аваргад оролцохоос гадна олон улсын мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож эхлээд байна.”

“Монголын мистер-2018” УАШ тэмцээнд эмэгтэй тамирчид оролцдог уу?

“Ирээдүйн мистер”, “Монголын мистер” тэмцээнүүдэд бодибилдинг фитнессийн бүх ангилал ордог. Энэ удаагийн “Монголын мистер-2018” УАШТ-д эмэгтэй 3 төрлийн ангилал бий. Модель ангилал гэж бий. Тэр нь дотроо дахиад 3 өндөрт хуваагдаж шалгаруулна гэх мэт. Улсын аварга шалгаруулах тэмцээний маань нэр нь л “Монголын мистер” гэж байдаг болохоос утгаараа бол Монголын мистер, мисс гэж хэлж болно.

Энэ жилийн “Монголын мистер-2018” тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй тамирчны ангилал шинээр орж байна. Ангилалд тавигдах шалгуур ямар байх вэ?

2017 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Ирээдүйн мистер” тэмцээнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчин оролцож байсан. Маш амжилттай оролцож, үзэгчдийг шагшируулж чадсан. Эдгээр иргэдийн хувьд булчингийн хөгжил нь ямар нэгэн бэрхшээлтэй байгаа учраас бодибилдинг фитнессийн спортоор хичээллэх хандлага нэмэгдсэн. Ингэснээр маш сайн үр дүнгүүд ч гарч байгаа. Тиймээс энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулж шинэ ангилал бий болгосон. Маргааш болох тэмцээнд 2-3 тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа.

Энэ бол мэргэжлийн тамирчин шиг өндөр шалгуур тавигдахгүй. Тухайн тамирчин өөрийгөө хэрхэн бэлдсэн байна түүнийг харна. Гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчиддаа урам зориг өгөх юм. Мөн энэ төрлийн тамирчидад зориулсан олон улсын тэмцээнүүд зохиогддог. Тэдгээр тэмцээнүүдэд ч оролцох үүд хаалга нээгдэнэ гэж үзэж байгаа.

 

Ц.Соёлмаа

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна