Жюү жицүгийн өсвөрийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчид эх орондоо ирлээ.

Жюү жицүгийн ДАШТ Арабын нэгдсэн эмират улсын Абу Даби хотод боллоо. Энэ тэмцээнд манай улсаас зорин очсон өсвөрийн 30 тамирчин бүгд медаль хүртлээ. Тэд өчигдөр шөнө эх орондоо ирлээ. Жюү жицүгийн ДАШТ өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, мастерсийн ангилалд энэ сарын 20-23-ны өдрүүдэд болж байна.

Энэ тэмцээнд манай улсаас 60 тамирчин өрсөлдөхөөр Абу Дабиг зориод байсан. 2017 онд Абу Дабид болсон ДАШТ-д 8000 гаруй хүн оролцсон бол энэ жил 100 гаруй орны 10.000 тамирчин оролцсон байна. 1000 гаруй өсвөрийн тамирчид оролцсон жюү жицүгийн хүүхдийн их наадамд манай улсаас 30 тамирчин оролцож бүгдээрээ медалийн тавцанд зогсож чадсан юм.

World kids festival буюу дэлхийн жюү жицү бөхийн хүүхдийн их наадмаас Монде клуб 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Сэлэнгэ аймгийн “Шинэ Бадрах” клуб 8 алт, 2 мөнгө, “Гаруда” клуб 6 алт, 2 мөнгө, 6 хүрэл, Сүхбаатар аймгийн тамирчин 1 алтан медаль хүртсэнээр Монголын өсвөрийн тамирчид нийт 16 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.

2024 оны Францын Парист болох зуны олимпийн наадмаар жюү жицүгийн спортын үзүүлэх томоохон тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл Олон улсын жюү жицүгийн холбооноос энэ спортыг 2028 оны Лос Анжелесийн олимпод албан ёсоор багтаан оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

 

А.Алт

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна