Улаанчулуутын хогийн цэг дээр амьдарч байгаа хүүхдүүдэд зориулж дахин шинэ цэцэрлэг байгуулна

 

“Нарны хүүхдүүд-2”цэцэрлэгийг бүтээн байгуулах талаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд Вэлүү Сангийн үйл ажиллагааны менежер Ц. Буд, Нарны Хүүхдүүд-1 Цэцэрлэгийн эрхлэгч Н. Мөнхтуяа болон Нарны Хүүхдүүд Мөрөөдөл ТББ-ын захирал А. Баасандорж нар оролцов.

“Нарны хүүхдүүд-1” төслийг Канадын иргэн, хатагтай Жули Вэлүү санаачилсан бөгөөд Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдийг тохилог дулаан, эрүүл орчинд сурч хүмүүжүүлэх зорилгоор уг цэцэрлэгийг байгуулсан аж.

Вэлүү Сангийн хэрэгжүүлдэг хамгийн том төсөл болох “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгт одоогоор зорилтот бүлгийн 150 хүүхэд хамрагдаж буй бөгөөд хажуудаа орон нутгийн хүмүүсийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор жижиг оёдлын цех байгуулан ажиллаж байна. Мөн "Орон нутгийн номын сан", "Гэр Ээж" хүүхэд асрах хөтөлбөр, "Зуны Зуслан", "Тэтгэлэгт Оюутан" гэх мэт туслах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм.

Улаанчулуутын хогийн цэг 8 км хүртэл үргэлжилдэг бөгөөд “Нарны Хүүхдүүд-1” цэцэрлэг хогийн цэгийн зүүн хойд хэсэгт байрладаг. Иймд хогийн цэгийн баруун захаар амьдарч байгаа хүүхдүүдэд хүрэхийн тулд “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг  барих үйл ажиллагааг эхлүүлээд байна.

“Вэлүү” сангийн үйл ажиллагааны менежер Ц.Буд: “Нарны хүүхдүүд-1” төсөл маань манай Вэлүү Сангийн дэд ерөнхийлөгч, Канад улсын иргэн Жүли Вэлүүгийн санаачилга, хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдаж, гадны голдуу байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Харин “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг бид дотоодын хандив, тусламжаар бүтээн байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү сайн санааны үйлсийг маань Нийслэлийн Засаг дарга дэмжин ажиллаж байгаад баяртай байна.

Та бүхэн мөнгөн тусламжаас гадна хувцас, ном дэвтэр зэргийг хандивласнаараа энхрий бяцхан үрсийн амьдралд гэрэл гэгээ бэлэглэхэд хувь нэмэр оруулах болно.

Мөн Вэлүү сангийн “САР БҮРИЙН ИВЭЭН ТЭТГЭЧ” хөтөлбөрт хамрагдснаараа 150 бяцхан үрсийг хоол, ундтай, дулаан байранд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Хандивын хэмжээ хэд байх нь чухал биш иргэн Таны оролцоо хамгаас чухал.

Хандивын арга хэмжээ 2018 оны 5-р сарын 04-ний өдөр “Элит” төвд зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээнээс цугласан орлогыг “ВЭЛҮҮ” сангаас хэрэгжүүлж буй Улаанчулуутын хогийн цэгийн баруун захад баригдах “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийн бүтээн байгуулалтад 100 хувь зарцуулах юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна