Хотын дарга Бээжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаа. Тэрбээр  БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Жан Чин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд зочдод хандан “Бээжин хотын удирдлагууд та бүхэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болоод хоёр хотын найрамдалт хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, энэ удаагийн хуралд өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн явдалд туйлын баяртай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хамт миний бие өнгөрсөн 05 дугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын хүрээнд Засгийн газар, байгууллага, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн 30 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт талууд гарын үсэг зурсан. Айлчлалын үр дүнд дэд бүтэц, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд нааштайгаар шийдэгдэнэ гэж найдаж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдахад таатай байна. Улаанбаатар хот нь хөгжиж байгаа хот, өнөөгийн байдлаар 1.4 сая хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь нийслэл хотод амьдран сууж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65.8 хувийг үйлдвэрлэж байна.

Энэ нь нэг талаас эерэг үзүүлэлт ч гэсэн нөгөө талаар хүн амын механик өсөлт ихэссэнээр гэр хорооллын тэлэлт, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг томоохон асуудлуудтай тулгарч, “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрх зөрчигдсөөр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд гадаад улс орны туршлагаас судлах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хот санаачлан 2014 оноос эхлэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаа “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Хуралд 6 улсын 17 хотын 50 гаруй төлөөлөгч, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Хоёр улсын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд нийслэл хотуудын нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар, Бээжин хотууд 2014 онд Ах дүүгийн харилцаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурснаас хойш хоёр хотын харилцаа бүхий л салбарт өргөжиж байгаад туйлын сэтгэл хангалуун байдаг. Ирэх жил буюу 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр хотын Ах дүүгийн харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурсны 5 жилийн ой тохионо. Энэ тэмдэглэлт ойн хүрээнд Бээжин хотын дарга, удирдлагуудыг Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Бээжин хотын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулахыг хүсэж байна. Та бүхэн дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Жан Чин “Биднийг халуун дотноор хүлээн авч зочилж байгаа танд маш их баярлалаа. Биднийг ирэхэд хур бороо орсон сайхан өдөр таарлаа. Манай хоёр хотын харилцаа улам батжин, ган тайлагдлаа гэж бэлэгшээж байна. Бээжин хот БНХАУ-ын нийслэл гэдэг утгаараа хурдацтай хөгжиж 21 сая хүн амтай боллоо. Тиймээс том хотод тохиолддог бэрхшээл болох замын түгжрэл, агаарын бохирдлын асуудал бидэнд тулгардаг. 2017 онд Бээжин хотын ДНБ 6.7 хувиар өссөн. 1 хүнд ногдох ДНБ 119 мянган юань байна. Манай хотын эдийн засгийн өсөлт 2018 оны 1 дүгээр улиралд 6.7 хувиар өссөн. Хятад, Монгол хоёр орон урт хугацааны найрсаг харилцаатай хөршүүд. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ харилцаа улам батжин олон салбарт харилцаа идэвхтэй боллоо. Цаашид ч хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. 2014 оны 8 сард Улаанбаатар, Бээжин хоёр хот ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон билээ. Сүүлийн 2 жилд хоёр орны дарга нарын дээд түвшний уулзалт, айлчлалууд болсноор бүхий л салбарт хамтран ажиллах нээлттэй боломж бий болж байна. Улаанбаатар хоттой хамтран ажиллах санал бийг танд дуулгая. Хоёр хотын хөгжлийн хурдыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах саналтай байна. Ирэх онд хоёр хотын ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой тохионо. Хятад улсын – 1 бүс, 1 зам, Монгол улсын Хөгжлийн зам бодлогыг уялдуулж хамтрах ажиллах нь зүйтэй юм. Хоёр хотын уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Хотууд давуу талаа ашиглаж аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй. Тухайлбал бүтээн байгуулалтын чиглэлээр найдвартай, чадвартай боловсон хүчин хэрэгцээтэй байна. Цаашид бид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулагч нараа Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтад оролцохыг дэмжинэ. Бээжин хотын хүн амын нягтаршил, аж үйлдвэрийн бодлогоос шалтгаалан агаарын бохирдлыг асуудал хурцаар тавигдаж байсан. Бид авто машины утаа ялгаруулагчийг шинэчлэх, аж үйлдвэрүүдийг хотоосоо гаргаснаас агаарын бохирдол үлэмж хэмжээгээр буурсан. Үүнийг дан ганц төр засаг гэлтгүй иргэд их сайн дэмжих хэрэгтэй байна. Энэ талын туршлагыг та бүхэнд хуваалцахдаа таатай байх болно. Цаашид хоёр хот хоорондын хүмүүнлэгийн үйлсийг өргөжүүлэн хамтран ажиллах хэрэгтэй. Манай зүйр үгэнд Холын хамаатнаас ойрын хөрш илүү гэж үг бий. Тиймээс энэ чиглэлд хамтран ажиллаж хүмүүнлэгийн олон үйлсийг үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 


 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна