Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

 

Жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүллээ. 

Монгол Улс энэ өдрийг төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа юм байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны арванхоёрдугаар сарын 25-ний өдрийн 26 дугаар зарлигаар байгуулагдсанаас хойш 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ зэрэг 18 мянга гаруй иргэнд 18,3 тэрбум төгрөгийн нөхөн олговор, хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр болох нийт 357 иргэнд 3,3 тэрбум төгрөгийн орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний буцалтгүй тусламж олгожээ. Аймаг, нийслэлийн салбар комиссоос мөн 14340 иргэнд 215 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна