Багш нар цалин нэмэх хүртэл ажил хаяна 

Багш нарын ажил хаялт дараагийн шатандаа суулт хэлбэрт шилжлээ. Сүхбаатарын талбай дээр  “Багшаа дээдлээгүй төр нурсан балгастай адил”, “Бид өрнөөс өрийн хооронд амьдарсаар байна. Төсөвт тодотгол хий”, “Багшаа дээдэлж боловсролоо хөгжүүлье” гэх зэргээр багш нарын цалинг нэмэгдүүлэхэд уриалсан уриа лоозон барьсан багш нар сургууль, цэцэрлэгээрээ хуваагдан сууцгаажээ. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг нэмүүлэхийг Засгийн газраас шаардан суулт зарласан юм.

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажил хаялтад 130 сургууль, цэцэрлэг нэгдээд байна. МБШУҮЭХ-ноос мэдээлж буйгаар ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа гэв. Түүнчлэн ажил хаялтын хүрээнд тавьж буй шаардлагыг талууд зөвшилцөх юм бол ажил хаялт зогсож, хүүхдүүд хичээлдээ явах боломж бүрдэнэ гэж байлаа. Ажил хаялтад өнөөдрөөс хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж буй бөгөөд нийт 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа ажээ. Зохион байгуулагчдын зүгээс ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэл багш нарт байхгүй гэдгийг илэрхийлсэн юм.

Сүхбаатарын талбайд цугларсан нийт багш нар хоёр хуваагдаж Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад шаардах бичиг хүргүүлэхээр болсон.

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд нь хэлэлцээрийн ширээнд суусан ч хэлэлцээр амжилтгүй болсон талаар МҮЭХ тодотгосон юм. Засгийн газраас 2018 онд багшийн цалин, орлогыг нэмэгдүүлэх нийтдээ 5 шийдвэр гаргасан гэж буй.

Тухайлбал,

-БСШУС яам /2018.01.01/: Багш нарын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувиар тогтоож олгох чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.

-БСШУС яам /2018.01.01/: Сургууль , цэцэрлэгийн хэмнэгдсэн зардал, нэмэлт орлогыг урамшууллын зардалд шилжүүлэн бүрэн санхүүжүүлэх чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.

-Засгийн газар /2018.09.01/: Багшийн цалинг 8-14 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

-Засгийн газар /2018.09.01/: 2018 оны 9 дүгээр сард багш нарт нэг удаагийн урамшуулал 300 мянган төгрөг олгуулах шийдвэрийг гаргасан.

-Засгийн газар /2018.09.01/: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хэмжээнд 74911 ажилтан, албан хаагч цалингийн өсөлтөд хамруулах шийдвэр гаргасан.

Харин багш нарын цалинг энэ онд дээр дурдсан байдлаар таван удаа нэмсэн гэх боловч бодит байдал дээр цалин нэмэгдээгүй гэдгийг багш нар хэлж байна.

Цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцохгүй байгаа нь мэдэгдэлтэй холбоотой гэнэ. Багш нар цэцэрлэгийнхээ захиргаанд таван өдрийн өмнө мэдэгдэл хүргүүлэх ёстой аж. Гэвч зарим цэцэрлэгийн багш нар ажил хаялт эхэлснээс хойш мэдэгдлээ хүргүүлсэн учраас таван хоногоо гүйцээж байж ажил хаялтад нэгдэх юм байна. Гэвч өнөөдрийн суултад нийтээрээ ажил хаяагүй ч төлөөллөө явуулсан цэцэрлэгүүд байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна