“Ард даатгал” ХХК 7.5 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрлөө

“Ард даатгал” ХХК нь 2018 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэмэлт хувьцаа гаргаж, анхдагч зах зээл дээр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгохоор шийдвэрлэсэн.

Энэ шийдвэр ажил хэрэг болж 2018 оны 9-р сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж  “Ард даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая хувьцааг үнэт цаасны бүртгэлд  бүртгэжээ. Бүртгэлд авсан хувьцаанаас “Ард даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.

 “Ард Даатгал” ХХК нь 1994 оны 3 сарын 14-ний өдөр Монголын анхны хувийн даатгалын компани болж байгуулагдсан бөгөөд 2004 онд хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Их Британийн Виттингтон групп тус компанид хөрөнгө оруулалт хийж хувь нийлүүлэгч болсноор улсдаа гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болж, Европын даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын ноу хау-г Монгол улсын даатгалын зах зээлд авчирсан билээ.

2011 онд Ард Даатгал ХХК нь Гранд Даатгал ХХК-ийг өөртөө нэгтгэн үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж даатгалын салбарт анхны нэгдлийг амжилттай хэрэгжүүлсэн. 2015 оноос Ард Санхүүгийн Нэгдэл хэмээх хүчирхэг санхүүгийн нэгдлийн бүрэлдэхүүнд нэгдэж бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн хэрэглэгч, харилцагчиддаа улам бүр ойртон ажиллаж байна. 2017 оны эцсээр 24 салбар, 238 төлөөлөгчөөр дамжуулан 63,633 харилцагчдад 50 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

Өнөөдөр тус компани гэнэтийн ослын, жуулчдын гэнэтийн осол, эрүүл мэнд, хөрөнгө, барилга угсралт, тээврийн хэрэгсэл, ачаа, зорчин явагчтээвэрлэгчийн хариуцлага, зочид буудлын эзний хариуцлага, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, давхар даатгалын гэсэн даатгалын цогц үйлчилгээг үзүүлж байна.

 “Үнэт цаасыг монголын хөрөнгийн бирж бүртгэсэн нь уг үнэт цаасны эрсдэлийн талаар аливаа баталгаа гаргаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Энэхүү үнэт цаасыг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагч таны хувьд ямагт эрсдэлтэй үйлдэл байдгийг онцгойлон анхаарч, үнэт цаасны танилцуулга, үнэт цаас гаргах ажиллагааг сайтар анхааран судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг зөвлөж байна”

“Ард даатгал” ХХК-ийн хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцохдоо хөрөнгө оруулалтын орлогыг нийт хөрөнгө оруулалтын дүнд харьцуулан тооцсон бөгөөд 2016 онд 30.02 хувь болон 2017 онд 31.85 хувьтай байгаа нь сул хөрөнгөө ашигтай зарцуулж байгааг харуулж байна.

Тус IPO-ийн андеррайтэраар “БиДиСЕК ҮЦК” ХХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн “ИЭлСи” ХХН, үнэлгээний байгууллагаар “БДО Аудит” ХХК, аудитын байгууллагаар “Далайван аудит” ХХК тус тус ажиллаж байна.

Тус компани өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна “Монгол шуудан” компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж буй аж. “Ард холдингс” санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар “Ард даатгал” ХХК нь нийт хөрөнгө, хураамжийн орлого, цэвэр ашиг зэргээрээ Монголын даатгалын компаниуд дунд эхний тавд тооцогдож байна.

Ц.Соёлмаа

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна