Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаанд оролцлоо

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Чуулганы хүрээнд салбар хуралдаанууд эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж “Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 спортын наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо.

Мөн энэ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт зочноор оролцож, хуралдааны нээлтийн үеэр 2020 онд Монгол Улсад Азийн хүүхдийн их наадам болох талаар танилцуулж, улс орнуудыг хамтран ажиллахыг уриалав.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дорнын эдийн засгийн уулзалтын үеэр спортын асуудлыг ч орхигдуулалгүй ярьж байгаад баяртай байна. 2020 онд Улаанбаатар хотод Азийн хүүхдийн их наадам болох гэж байгаа. Бид энэхүү томоохон спортын наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа учраас та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн юм.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж Азийн хүүхдийн их наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бусад асуудлаар ярилцлаа.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна