Нийтийн тээвэр чинь хүрэлцэхгүй байна хотын дарга аа!!!

Хотын дарга аа та нийтийн тээврээр явж үзсэн үү?

Үзээгүй бол өглөө, орой ажил, хичээл эхлэх болон тарах цагаар, нэг их хол биш ээ  ойрхон тойрогт үйлчилдэг ч байсан хамаагүй нэг нийтийн тээврийн автобусандаа суугаад үзээрэй. Их хотын иргэд хэрхэн амьдарч байгааг тэндээс та өлхөн харна. Мөнгө зарлагадаж элдэв судалгаа хийлгэж иргэдийнхээ амьдрал, амьжиргаа, нас хүйсийг мэдэх гэсний хэрэггүй. Нийтийн тээвэр дотор л бүх зүйл өрнөж байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 4,704.4 км2 газар нутагтай. 1 сая 300 гаруй мянган хүн амтай. Есдүгээр сараас зургаадугаар сар хүртэл энэ тоо 200 гаруй мянгаар өсдөг гэсэн баримжаа тоог албаныхан хэлдэг.

500 мянган хүнд зориулж бүтэц зохион байгуулалтаа хийсэн Улаанбаатар хот даац нь 2 дахин хэтрээд олон жил болж байна. Энэ хотод “Арчаагаа алдсан” гээд хэлчихэд буруудахгүй олон асуудал бий. Тэдний нэг нь НИЙТИЙН ТЭЭВЭР.

Улаанбаатар хотод өдөртөө нийтийн тээврийн үйлчилгээнд 80 гаруй чиглэлийн 937 автобус, троллейбус ажиллаж байна. Уг нь нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийтийн тээврийн хүртээмжийг 75-80 хувьд хүргэх зорилттой. Үүний ч төлөө бүхэл бүтэн бүтэц татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад явж байна. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар явуулын хүмүүстэйгээ нийлээд 1.8 сая гаруй хүн зорчдог Улаанбаатар хотод 2-3 мянган автобус үйлчилж байж дээрх зорилтоо хэрэгжүүлэх боломжтой аж.

Харамсалтай нь, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэд сэтгэл ханамжтай үйлчлүүлэх боломж алга. Зорчих хэрэгцээ их байгаа ч зорчуулах унаа нь цөөн учраас иргэд автобусны буудал дээр суух чиглэлийн автобусаа 30 минутаас 1 цаг орчим хүлээж байна.

Нийслэлийн нийтийн тээврээр иргэд зөв боловсон үйлчлүүлдэг болгохын тулд мөнгөө төлөхгүй кондукторт чимхүүлдэг, хөөгдөөд буудаг байсан үе ард үлдсэн. Гэтэл энэ байдал эргээд ирж байна уу гэлтэй. Учир нь буудал дээр 30 гаруй минут хүлээсэн иргэд арай хийж ирсэн автобусандаа багтаж ядан чихнэ. 90-ээд онд л ийм байдлыг хардаг байсан. Зарим нь урд хаалгаараа орох гэж зүтгээд ч бүтэхгүй тул зорчигч буух ёстой арын хаалгаар буух гэж байсан хүнийг ч буулгахгүй чихээд орчихдог болж.

Арай хийн автобус нь ирээд чихэж байгаад орчихсон зорчигчид дараагийн буудал хүртэл замын түгжрэл дунд байр байраа олох гэж маш их бухимдал дунд явна. Ажил хичээлээ тараад стрессийн дээд хязгаарт хүрчихсэн яваа хүмүүс чихэлдээн дунд эгээ л нэгнээ барьж зодохын наагуур үзэлцэж байна.  

Нийтийн тээврийн унаа нийтийнх л байдаг. Гэхдээ нийслэлийн нийт иргэд чинь хэд хүрээд тэдэнд зориулж хэдэн нийтийн тээврийн унаа явж байгаа судалж, тоолж үзэх цаг нь болчихоод байна хотын дарга аа.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн 20-иод аж ахуйн нэгж хуучин болон хямд үнэтэй автобусаар парк шинэчлэл хийдэг. Нэг хэсэг нь БНСУ-д 4-5 жил ашигласан автобус авдаг бол нөгөө нь БНХАУ болон бусад улсын үйлдвэрлэгчдээс лизингээр авч, үйлчилгээнд нэвтрүүлдэг байна.

Харин улсаас 2009, 2014-2015 онд нийт 470 орчим автобус нийлүүлж, иргэдэд үйлчилж буй. 2009 онд нэг бүрийг нь 60-70 мянган ам.доллараар 400 автобус авч байсан бол сүүлд дотоодын үйлдвэрлэгчид эко автобусаа 200 орчим сая төгрөгөөр нийлүүлж байжээ. Улсдаа томоохонд тооцогдох парк шинэчлэл хэмээгддэг эдгээр автобусны 400 нь гурван жилийн дараа ашиглалтаас гарах юм. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байна шүү хотын дарга аа.

 

Ц.Соёлмаа

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Нийтийн тээвэр хүрэлцэхгүй биш, харин автобусны жолооч нар ажлаа зөв хийхгүй, зочигчдоос бэлэн мөнгө хурааж, түүгээрээ гуанзны гадаа бөөгнөрч, цагаараа явахгүй, нэг талдаа гарч бөөн бөөнөөрөө араасаа явж, нэг тал нь автобусгүй болдогтой холбоотой. Сансар 39 автобусны жолооч нар зориулалтын бус газар зорчигчдыг хөөж буулгаад гуанзанд орж дэмий ярьж суудаг. Сансарын бензин колонкоос ХБДС орох гээд суунгууд тунелийн зүүн талд ирээд хөөгөөд буулгадаг. Уг нь энэ автобус тойрог хийгээд шууд явах ёстой ш дээ
    2018 оны 11 сарын 03 | Хариулах