Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн өргөө болох Зугульба ордонд ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалтай болов.

Уулзалтын эхэнд Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь тухлан саатахыг уриад, ажлын айлчлал хийж буйд нь талархал илэрхийлсэн юм.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1951 оны арванхоёрдугаар сарын 5-нд  Бакугийн нефть боловсруулах үйлдвэрийг задалж Зүүнбаянд жижиг хэмжээний үйлдвэр байгуулж 1969 оныг хүртэл ажилласан, уг үйлдвэрт Азербайжан мэргэжилтнүүд очиж ажиллаж байсан хоёр орны харилцааны сонирхолтой түүх байдаг тухай дурсав. Энэ тухайд Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев сонирхон сонсож, энэ салбарын хамтын ажиллагааны туршлага байгаа учир цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн онцоллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжиж, бусад орнуудын зах зээлд хамтран гарах, бүс нутгийн хөгжилд идэвхтэй оролцоотой байх болон Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад ложистикийн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг харилцан судлахаар тохиролцов.

Ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт үргэлжиллээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад Монгол Улсын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Бүгд Найрамдах Азербайжан улсын талаас Эдийн засгийн сайд Шахин Мустафаев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны албаны дэд дарга Хикмет Гаджизаде нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр Монгол, Азербайжаны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь баяжуулах өргөн нөөц боломж байгааг хэлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев уг саналыг дэмжиж, ирэх аравдугаар сард тус улсын Эдийн засгийн яам болон бизнесийн төлөөллийг багтаасан судалгааны багийг Монголд ажиллуулахаар талууд тохиров.

Мөн Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодын улсуудад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Монгол Улсаас мах болон арьс шир гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүнийг Азербайжанд импортлох, Монгол Улсад 300 орчим хүнийг ажлын байраар хангахуйц ноос ноолуур, арьс шир боловсруулах болон хивсний үйлдвэр байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх, технологийн шийдлийг Бүгд найрамдах Азербайжан улсаас авах асуудлыг нухацтай судлахаар уулзалтын үеэр талууд тохиров.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, спорт, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевыг Монгол Улсад айлчлахыг урихад эрхэмсэг ноён Илхам Алиев урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна