Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2018.10.01 ) 10 цаг 03 минутад гишүүдийн 83.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, “Төрийн чадавхийг сайжруулах талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага байгааг нуух хэрэггүй. Тиймээс эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд юуны өмнө Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтана. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг хоёр жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвлөлдсөн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байгааг” онцлоод “Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй” гэдгийг дурдлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга, 2018 оны 01 дүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 09 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой. Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан, энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо, зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг  546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалав.

 Мөн  тэрбээр, Энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд ямар дорвитой өөрчлөлт гарах вэ гэж асуумаар байна. Зарцуулсан хөрөнгө үр ашигтай байж чадсан уу. УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд тодорхой ажлууд зохион байгуулсан. Одоо үр дүн хэрэгтэй байна. Нэг өвөл гэнэтхэн утаагүй болчихгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ авсан арга хэмжээ гарцаагүй зөв, ужиг энэ асуудлаа бүрэн шийдвэрлэж чадах нь ээ гэсэн итгэл төрүүлж байх нь чухал. Утаанаас дутуугүй иргэдийг бухимдуулж буй асуудал нь авто замын түгжрэл юм. Тиймээс импортын автомашины татварыг насжилттай нь уялдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гүүрэн болон давхар замын байгууламж барих зэрэг зөв шийдэлтэй арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлье гэдгийг онцоллоо. 

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ.

УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2015 онд эрхлэн гаргасан “Монгол улстай ижил төстэй зарим орны засаглалын болон эрх зүйн тогтолцоо, сонгуулийн хэлбэрийн талаарх мэдээлэл” товхимолд дурдсанаас үзэхэд 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус засаглалын тогтолцоо буюу дэлхийн 196 орноос Болгар, Финланд, Серби, Монтенегро зэрэг дөрвөн оронд л байдаг хагас парламент-хагас ерөнхийлөгчийн холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүргэснийг одоо харж, мэдэж байна. Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ. Одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ гэдгийг онцлов. 

Түүнчлэн  Монгол улсын Ерөнхийлөгч, Та бид хамтран тогтоолцоогоо бүхэлд нь хамарсан реформ-эрс шинэчлэл хийхгүй л бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй, эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно. Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе хэмээн уриаллаа.

Тэрбээр, Юуны өмнө нийгмийн өнөөгийн болон ирээдүйн зорилт, хэрэгцээг бүрэн тусгасан шинэ Үндсэн Хуулийг бүх ард түмний идэвхтэй хэлэлцүүлэг, оролцоотойгоор батлан гаргая. Та бидний шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал энэ болоод байгааг дурдлаа6 \

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна