Н.Рэнжмаа: Хүүхдийн тархины хөгжилд тоглоомоор нөлөөлөх боломжтой

Хүннү цахим сонин, Гэр бүл анхаарлын төвд байгууллагатай хамтран мэргэжлийн сэтгэл зүйчдийн зөвлөгөөг уншигч танд цувралаар хүргэж байна. Энэ удаад Гэр бүл анхаарлын төвд байгууллагын сэтгэл зүйч Н.Рэнжмаагийн зөвлөгөөг хүргэж байна. 

Хүүхэд төрсөн цагаасаа л цаг тутамд өсч, хөгжиж байдаг. Хүүхдийн 0-3 хүртэлх насанд  насанд хүрэгчийн уураг тархины 80% нь хөгждөг. Хүүхдийн тархины хөгжилд тоглох нь их чухал нөлөөтэй байдаг. Хүүхдийнхээ насанд нь тохируулан тархины хөгжилд сайнаар нөлөөлөх тоглоом хэрхэн тоглож болох зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.

0-3 нас \тархины суурь хөгжил тавигдана\

0-4 сар: Өөдөөс нь хэвтээд адил хөдөлгөөн хийвэл хүүхэд намайг хүлээн зөвшөөрдөг гэж ойлгодог. Хүрэлцэж, тэвэрч, харж, ярилцах нь чухал.

4-10 сар: Нэг зүйлийг давтан хийлгэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд цээжилж, тогтоож, хэн нэгний хийсэн зүйлийг дагаж хийснээр тайвширдаг. 1 удаагийн “хаана байна?” гэдэг тоглоомыг тоглоход тархины маш олон эсүүдийн хооронд холбоосууд бий болдог.

10-18 сар: Илүү олон зүйлд хүрч, барихыг оролдоно. Идэх дуртай болно. Идэх зүйлээр нь тоглуулвал зүгээр. Үнэрлэх, амтлах мэдрэхүй нь илүү хөгждөг. Барьж байгаа зүйлүүдийг нь \аюулгүй\ амтлуулж, үнэрлүүлэх хэрэгтэй. Үүгээр уураг тархи нь хөгжиж байдаг. Энэ насны хүүхдүүд гарын алгаар шим тэжээлийг авч чаддаг. Гараараа мэдэрсэн бүх мэдрэмж уураг тархинд очиж, нугалааг бий болгодог. Тархины хөгжилд саад болдог зүйл нь дэлгэц юм. Энэ насны хүүхэд дэлгэц үзсэнээр үнэрлэх, амтлах, хүрэлцэх үед үүсдэг холбоосууд тархинд үүсэхгүй. Зөвхөн хардаг. Тиймээс дэлгэцээс илүү бодит зүйлсийг бариулж, үзүүлэх хэрэгтэй. Хоолоороо тоглож, барьж асгаж цутгадаг ч энэ үедээ л уураг тархи нь хөгжиж байдаг тул ээжүүд маань цэвэрхэн байлгах гээд зүдрэх хэрэггүй. Дараа нь цэвэрлэж болно шүү дээ.

18 сар - 3 нас: Биеийг оролцуулсан, хүчний хөдөлгөөн хийх дуртай болно. Биеийг нь оролцуулсан тоглоом тоглох хэрэгтэй. Жишээ нь хүүхдээ онгоц болгож хөөргөх гэх мэт. Нэгэн аав хүүхдээ онгоц болгон тоглуулахдаа хүүхдээ болих хүртэл нь тэвчиж тоглуулж үзжээ. Хэдэн удаа тоглосон гээч. Тасралтгүй 80 удаа тоглосон байна. Томчууд бид л ядарлаа болилоо гэхгүй бол хүүхдүүд маань ийм л эрч хүчээр дүүрэн, тоглох дуртай байдаг нь энэ жишээнээс харагдаж байна. Энэ үед мөн эвдэж, нураах, сүйтгэх дуртай байдаг. Гүйцэд болсон зүйлийг дахин дахин нураадаг. Үүнээс алдаа гаргавал дахин босч болдгийг сурдаг. Мөн гулсуураар гулсахдаа шатаар биш гулсуураар нь өгсөх гэж оролддог. Энэ нь үр дүнгээс илүү үйл явц руу буцах гэж оролддог. Энэ үед тархи маш их хөгждөг. Энэ насандаа хүүхдүүд амархан бохирдож, заваардаг. Ингэлээ гээд амьдрал нь дуусахгүй, эргээд цэвэрхэн болдгийг сурдаг. Энэ насанд нь тоглоход нь саад болвол том болоод эвдэж, сүйтгэх хандлагатай болдог.

3-6 нас \Зоригтой хүчтэй болох\

Үе тэнгийнхээ найз нөхөдтэй тоглож эхлэдэг. Ялна, ялагдана гэдэг зүйл сөөлжилнө. Тархины аливаа зүйлийг хүсэх, зорих, сэтгэлийн хөдөлгөөн, тааламжтай болон тааламжгүй байдлыг хариуцсан хэсэг хөгждөг. Эхлээд найзыгаа тоглуулж, дараа нь өөрөө тоглох үедээ тэвчээрийг сурдаг. Найзтайгаа муудалцах үе нь ч тоглоомын хэлбэр юм. Аливаа зүйлийг дууриах түвшин өсдөг. 0-3 насандаа аав ээжийгээ дууриадаг бол 3-6 насандаа аав ээж, багш гэх мэт бүлгээрээ тоглож эхэлдэг. Бага байхдаа цочролд орсон, шархалсан хүүхдийн энэ насанд хөгжих ёстой тархины жижиг хэсэг өсөлтгүй зогссон байдаг. Үүнийг тоглоомоор эдгээж болдог. Уураг тархийг тоглоомоор хөгжүүлээд зогсохгүй эдгээх боломжтой.

6-12 нас \Оюун ухааны, хүсэл тэмүүлэл\

Аав ээжийн хүссэний дагуу сайн хүн болж чаддаг. Асуудал тулгарсан ч даван гарах хэмжээнд хүрсэн байдаг. Эсрэг хүйсний хүүхэдтэй тоглосноор тархи нь илүү хөгждөг. Дүрэмд баригдан, олуулаа тоглох чадвартай болдог.

0-3 насны тархины хөгжилд дараагийн 2 үе шат тулгуурладаг. 0-3 насандаа бага тоглож, тархи нь сайн хөгжөөгүй, сүүлд хичээлээр шахуулсан хүүхдүүд сандрамтгай, тогтворгүй болдог. Алдаа гаргаад дахин босч чаддаггүй. Гэвч бага насны хүүхдэд эдгэрэл явагдах амархан байдаг. Тоглоомоор эдгэрэл явагддаг.

Тиймээс та хүүхдээ бага гэлтгүй насанд нь тохируулан тоглож, тэдний тархины хөгжилд хувь нэмрээ оруулдаг аав ээж нь байгаарай.

 

Н.Рэнжмаа Гэр бүл анхаарлын төвд байгууллагын Сэтгэл зүйч 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна