Пауэрлифтингийн мастеруудын 36 дахь удаагийн ДАШТ Улаанбаатар эхэллээ

Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос мастеруудын 36 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 23 орны баг тамирчид ирж өрсөлдөж байна.

МПНХ-ноос өөрийн эх орондоо буюу Ази тивд анх упаа мастеруудын ДАШТ-ийг хүлээн авч зохион байгуулж байна. Мастеруудын ДАШТ-д 23 орны тамирчин, дасгалжуулагч албаны гээд нийт 331 хүн манай улсыг зорин иржээ. Харин манай улсаас 27 тамирчин өрсөлдөж байна. Пауэрлифтингийн спорт нь хэрэглэл тоног төхөөрөмжийг өндөр түвшинд шаарддаг зардал өндөртэй төрөл юм. МПНХ-ноос ДАШТ-д хэрэглэх дэлхийд тэргүүлэх Bull брэндийн тоног төхөөрөмжийг захиалан Монголдоо авчирсан юм.

АНУ-ын иргэн, Пауэрлифтингийн ДАШТ-ийг зөвхөн хөтөлдөг Жино энэ тэмцээнийг урилгаар хөтлөн явуулж байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэй МК болон М4 ангилалын 47-84 кг, эрэгтэй М4 ангиллын 59-120 кг, эрэгтэй М3 ангиллын 59-83 кг-ийн жингийн өрсөлдөөн болж байгаа юм. Энэ сарын 6-ны өдөр пауэрлифтингийн мастеруудын ДАШТ өндөрлөж хаалтаа хийх юм.

Энэ он гарсаар Монголын пауэрлифтингийн баг тамирчид 20 гаруй медалийг ДАШТ, залуучуудын ДАШТ, Ази тивийн АШТ-ээс хүртээд байна. Пауэрлифтинг нь штангтай суулт, хэвтээ түлхэлт, газраас штангтай таталт гэсэн 3 төрөл байдаг. Хүний үндэсн гол хүчний 3 төрөл дээр тулгуурласан спортын төрөл юм. Пауэрлифтинг нь дотроо хэрэглэлтэй, хэрэглэлгүй гэсэн төрөлтөй. Хэрэглэлтэй нь хүнд жингийн буюу даацын штангийг авахын тулд зориулагдсан хамгаалалтын буюу бэртэл гэмтлээс хамгаалсан цамцтай, суултын трико эдгээр хувцас нь тамирчин хүнийг бэртэл гэмтлээс хамгаалдаг.

ОУХМ Батаагийн Чимэдцэрэн ДАШТ-ий хэрэглэлтэй төрөлд рекорд тогтоогоод ДА болсон. Харин МУГТ Э.Содномпилжээ хэрэглэлгүй төрөлд хэвтээ шахалтаар Финланд улсад Дэлхийн АШТ-ээс 2 алтан медаль хүртсэн бөгөөд 2 ч рекорд тогтоосон юм. МПНХ-ны 13 салбар холбоо МУ-ын аймгуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн 3 жилд хөдөө орон нутагт салбар холбоогоо нээсэн.

Улаанбаатар хотод энэ спортоор хичээллэгчдийн тоо 6000 дөхсөн. Жилээс жилд өсвөрийн тамирчдын тоо өсөн нэмэгдэж байна. Азийн ПХ 1984 онд үүсгэн байгуулагдсан. Энэхүү холбоо нь эгнээндээ 20 гаруй улсыг нэгтгэжээ. Энэ сарын 5-6-ны өдрүүдийн өрсөлдөөнийг МНС телевиз шууд дамжуулан үзүүлэх болно.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна