Ж.Бат-Эрдэнийг сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо дэмжив

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.02) хуралдаан 15 цаг 32 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцлээ. 

Хуралдаанаар эхлээд Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцуулахдаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “…Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно...” гэж, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт “…Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ…” гэж заасныг тус тус үндэслэж буйгаа дурдав. Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн эрхлэх асуудлын хүрээний салбарт гарсан асуудлуудтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлжээ. Уг асуудлыг холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлээд Байнгын хорооны хуралдаанд танилцуулж буйгаа Г.Занданшатар сайд хэллээ. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж, Г.Занданшатар сайд хариулт өгөв. Түүнчлэн уг асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын төрд ажиллаж байгаа хүн нэг бүр эрхэлж буй ажил, албан тушаалынхаа чиг үүргийг бүрэн ухамсарлаж, тэр хүрээндээ хариуцлагатай, чанартайгаар гүйцэтгэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллах шаардлагатай гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлсэн. УИХ Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд энэ хүрээнд төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах ажлууд үе шаттай, иж бүрнээр хийгдэж буйг Г.Занданшатар сайд хэлсэн.

Төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, дэг журамтай байлгах зорилгоор 47 журмыг шинэчлэн боловсруулж байгааг танилцууллаа. Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, уг зөвлөгөөний үеэр дээрх журмууд болон Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай эрх зүйн зохицуулалтын талаарх хэлэлцүүлгийг хийжээ. Төрийн албаны системд гарч буй дутагдалуудыг арилгаж, иргэн төвтэй тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг бэхжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа талаар танилцуулсан юм. 

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжлээ. 

Хуралдаанаар үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг томиллоо. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна