Анхаар: Видео болон цахим тоглоом нь зүүд мөрөөдлийн ертөнц биш

          Хүннү цахим сонин "Focus on the family-Mongolia" байгууллагатай хамтран тус байгууллагын сэтгэл зүйчдийн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөөг тогтмол хүргэдэг билээ. Энэ удаад сүүлийн жилүүдэд залуучууд, өсвөр насныханы шимтэн тоглодон видео болон цахим тоглоомны хувь хүнд үзүүлэх үр нөлөө хийгээд түүнээс үүдэн нийгэмд бий болж үзэгдлийн талаарх Сэтгэл зүйч Н.Рэнжмаагийн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн үед хүүхэд залуучууд видео болон цахим тоглоом ихээр тоглох болсон. Учир нь видео болон цахим тоглоом нь зүүд мөрөөдлийн ертөнц мэт бодит амьдралд хийж чадахгүй зүйлээ хийж болдог, энгийн үед байдаггүй тийм дүрүүддээ хувирах боломжтой, зан чанар хийгээд гадаад төрхөө хүртэл сонгодог, хяналтыг гартаа авах бүрэн боломжтой байдаг.

Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийн хувьд цахим тоглоом нь үе тэнгийнхээ хүүхдүүдтэй холбоо тогтоох , чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг хэлбэр байж болох юм. Гэвч түүнд хэт дурлах, хүчирхийллийн элементүүдтэй тоглоом байнга харж, тоглох нь бодит амьдралын талаарх тэдний төсөөллийг гажуудуулж, нийгэм-сэтгэлзүйн харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

Цахим тоглоомын үед хүний амь хөнөөх нь дайснаа устгах цорын ганц арга байх ба үр дагавар нь өөр дээр нь буудаггүй. Хамгийн гол зорилго нь ялах.

Тэгвэл хүчирхийлэлтэй видео болон цахим тоглоом тоглох нь бодит амьдралд хүчирхийлэл үйлдэхэд хүргэх үү?

Энэ талын судалгааг эрдэмтэн судлаачид олон арван жилийн турш хийсээр ирсэн.  Судлаачид хүчирхийлэлтэй видео тоглоом нь түрэмгий байдал, бусдыг ойлгох чадвар сулрах, сурлагын амжилт буурах зэрэгт хүргэж байгаа эсэхийг судалсан байна. Маш олон судалгаагаар хүчирхийлэлтэй тоглоом тоглодог хүмүүс илүү түрэмгий зан үйл гаргадаг гэж үзжээ. Үүнийг батлах сүүлийн үеийн судалгааны үр дүнг 2015 онд АНУ-ын Сэтгэл Судлалын Нийгэмлэгээс (APA) гаргасан мэдэгдэлд "хүчирхийлэлтэй видео тоглоом тоглох нь илүү түрэмгий зан авир болон түрэмгий зан үйлтэй  болгож, тоглогчдын түрэмгийллийг мэдрэх мэдрэмж ба бусдыг ойлгох чадвар буурдаг" хэмээжээ.

Видео болон цахим тоглоомонд хэт автах нь үхэл ба хүчирхийлэл хүний сэтгэлд хэрхэн нөлөө үзүүлэхийг авч хэлэлцдэггүй тул илүү түрэмгийлэл рүү хөтөлдөг. Мөн бодит амьдрал дээрх харилцааг зохицуулахад хэрэгтэй нийгмийн дадал чадвараа хөгжүүлэх боломжгүй байдаг.

Хүчирхийлэлтэй компьютер тоглоомын нөлөөллийн талаарх Америк, Япон залуусын дунд хийсэн судалгаагаар ийм тоглоом тоглосны дараагаар хүчирхийлэл үйлдэх хандлага эрс нэмэгдэж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн, тоглоом тоглодог байхаас нь өмнөх үетэй харьцуулахад хүчирхийлэл үйлдэх сонирхол нэмэгдсэн нь ажиглагджээ. 

ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ГАРСАН НАС БАРАЛТЫН ТОХИОЛДОЛ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД

ДЭЛХИЙ ДАХИНАА ОЛНООР ТЭМДЭГЛЭГДЭХ БОЛСОН.

  • Хятадад 2005 онд 13 настай хүү өөрийн амьдардаг 24 давхар байшингийн дээврээс үсэрч амиа хорложээ. Тэрээр тоглоомд донтсон гэдгээ болон хамтран тоглогч нартайгаа диваажинд дахин нэгдэнэ гэж найдаж байгаа тухайгаа бичиж үлдээсэн байв. Энэхүү тэмдэглэлээ тоглоомын дүрс ашиглан бичсэн байжээ.
  • АНУ-д 2007 онд Охио мужийн өсвөр насны хүү тоглоомыг нь хурааж авсан эцэг эх рүүгээ буудсанаар ээж нь нас барсан хэрэг гарчээ. Эцэг эхээ алснаар тэднийг бүрмөсөн алга болно гэж тухайн үед бодоогүй гэж шүүх хурал дээр мэдүүлсэн байна. Түүнд 23 жилийн хорих ял оноожээ.
  • Вьетнамд 2007 онд 13 настай хүү 100000 донгийн (Вьетнамын мөнгөн тэмдэгт, 6.20 ам.доллар) төлөө 81 настай эмээг дээрэмдэж, амь насыг нь бүрэлгэсэн хэргээр цагдаагийн газар баривчлагджээ. Тэрээр энэ үйлдлээ онлайн тоглоом тоглох мөнгө олох зорилгоор хийсэн гэж хэлсэн байна.

Яг одоо таны хүүхэд хаана, хэнтэй, юу хийж байгаа бол?

Магадгүй гэртээ байгаа хэдий ч хүчирхийлэлтэй тоглоом тоглон, хүчирхийлэгч болон бэлтгэгдэж байна уу?

Хайртай, бяцхан хүүхэддээ тавих таны анхаарал халамж, цаг гаргалт, санаа тавилт хүүхдийн тань хүмүүжил төдийгүй тэдний зан чанарт чухал нөлөөтэй гэдгийг марталгүй тэдэндээ анхаарал хандуулаарай.

 

Н.Рэнжмаа Сэтгэл зүйч

"Focus on the family mongolia" байгууллага

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна