Зөв газар, зөв цагт, зөв хүнтэй болзоорой

Хүннү цахим сонин "Focus on the Family Mongolia-Гэр Бүл Анхаарлын Төвд" байгууллагын мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран залуу үе өсвөр насныхан болон эцэг эхчүүдэд зориулсан олон сэдвийн хүрээнд сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа билээ. Энэ удаад болзоонд явахаасаа өмнө заавал мэдэх ёстой зүйлсийг сэтгэл зүйч зөвлөж байна.

Хэн нэгний ямар нэг зүйл нь таалагдсан болохоор хүмүүс бие биенээ болзоонд урьдаг. Эсвэл огт танихгүй байсан ч болзож үзээд хоёр биендээ таалагдвал харилцааны дараагийн шат буюу үерхэлийн харилцааг эхлүүлдэг. Тэгэхээр болзоог үерхэлээс өмнөх болзоо,  үерхэж буй хосын болзоо гэж хоёр ангилж болно.  

Бие биенээ илүү сайн таниж мэдэх зорилгоор цагийг хамтдаа өнгөрүүлэх нь болзооны зорилго билээ. Болзоонд явсанаар эсрэг хүйсийн хүнийг таниж мэдэх, найз нөхдийн хүрээлэл тэлэх, нийгмийн харилцааны чадвар нэмэгдэх магадгүй ирээдүйн хань болох хүнээ олох боломжтой.

Болзохдоо аль болох олон нийтийн хүн ихтэй газар цагийг өнгөрүүлэх нь дээр. Олон нийтийн газар болзсоноор бусадтай болон нийгмийн харилцаанд ямар хандлагатай хэрхэн оролцдогыг нь мэдэх боломжтой. Энэ нь бие биенээ илүү бодитоор харахад тусладаг. Бие махбодийн хувьд тодорхой хил хязгаар дотор байх нь маш чухал.  Удаанаар үнсэлцэх үед хүний тархи үүргээ гүйцэтгэхээ больж даавар давамгайлж тохиолдлын бэлгийн харилцаанд орох нөхцөлийг бүрдүүлдэг.

Хэт оройн цагаар, хүн багатай газар,  удаан хугацаанд хоёулахнаа байх боломжтой газар болзохоос аль болох татгалзах хэрэгтэй. Жишээлбэл машин, хүн байхгүй гэр орон, зочид буудал, амралт зугаалганд хоёулахнаа явахгүй байх зэрэг. Энэ нь эрсдэлтэй алхам хийхээс урьдчилан сэргийлж буй хэрэг юм.

Болзоо нь чиний сурч хөгжих, гэр бүлдээ зориулах цаг, найз нартаа зориулах цагаас хэтэрхий авч байна уу? гэдгийг анзааран болзох цагаа зөв төлөвлөх хэрэгтэй. Болзоондоо хэт их мөнгө зарцуулах хэрэггүй байх. Үнэтэй ресторанд орж, үнэтэй бэлэг авч өгвөл болзоог амжилттай байлгаж чадна гэж андуурдаг хүмүүс байдаг.

Болзоо нь хөгжилтэй, энгийн, чөлөөтэй  байх тусамаа сайхан дурсамж бий болгож чаддаг. Кино үзэх, хамт хоол идэх, гадуур зугаалах нь болзож буй хүмүүсийн хийдэг нийтлэг зүйл. Гэхдээ бүтээлч болзоо нь шинээр олон зүйл сурч мэдэхэд нөлөөлдөг. Болзож буй хүмүүс бие биенийхээ сонирхдог зүйлүүдийг хамтдаа суралцаж болно. Зөв газар, зөв цагт, зөв хүнтэй болзож байгаарай.

Focus on the Family Mongolia-Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагын

“Аюулгүй Сонголт” хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн,

Гэр Бүл Судлаач

Г. Өнөрцэцэг

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна