ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэлийн дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

Focus on the Family Mongolia- Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагын мэргэжлийн сэтгэл зүйч нарын зөвлөгөөг эрхэм уншигч танд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад тус төвийн тэргүүн, клиник сэтгэл зүйч Т. Хонгорзулын "Сэтгэлийн дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?" зөвлөгөөг хүргэж байна. 

Урт удаан өвлийг даван урин дулаан цаг наашилж буй энэ хавар цагт хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болох, сэтгэлээр унах, сэтгэл гэгэлзэх, улирлын чанартай өвчин сэдэрдэг үе билээ. Цаг улирлын чанартай сэтгэл санаа тайвгүйтэх, сэтгэлээр унах, гэгэлзэх нь хэвийн бөгөөд энэ нь өвөл цагт нар бага үздэг, хүйтэнд гэртээ хоргодох, нийгмийн харилцаа хязгаарлагдах зэрэгтэй холбоотой байдаг. Тэгвэл сэтгэлийн дархлаагаа хэрхэн сайжруулах талаарх зөвлөмжийг та бүхэндээ хүргэе!

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН бол стресс тайлах номер нэг арга

Хүний сэтгэл санааг өөдрөг байхад нөлөөлдөг мэдрэлийн эс дамжуулагчийг серитонин гэж нэрлэдэг бөгөөд дасгал хөдөлгөөний ачаар энэ нь тархинд ялгарснаар сэтгэл санааг тайвшруулдаг. Судалгаагаар хүн 7 хоногийн 3 өдөрт дундажаар 45 минут алхах юмуу дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг өөдрөг болгодог гэдгийг баталсан байдаг.

Антидепрессант тайвшруулах эмийн найрлаганд серитонин агуулагдсан байдаг бөгөөд бид уг нь үүнийг натурал аргаар авах боломжтой байдаг гэсэн үг юм.

Судалгаагаар эрчтэй аэробек-д явах нь сэтгэл гутралыг анагаахад нөлөөлдөг гэж үздэг.

Өөрт төрж байгаа МЭДРЭМЖЭЭ итгэмжтэй хүнд ХУВААЛЦАХ

Хүнийг хамгийн их тавгүйтүйлж сэтгэлээр унахад хүргэдэг зүйл бол таагүй сэтгэл мэдрэмж, толгойноос салахгүй бодол байдаг. Ямар нэг асуудлаас болж шаналж, байнга сэтгэл санаагаар унаж байгаа бол дотороо битгий хадгал. Өөртөө ойр байдаг хэн нэгэнд хуваалцаж сэтгэлээ онгойлгоорой. Сэтгэлээ тайтгаруулахын тулд шоудах, уух, мансуурах, ямар нэг хорт зуршилд автах нь түр зуурын л өвчин намдаагч гэдгийг санаарай. Таныг ойлгож сонсох хэн нэгэн хүн байгаа гэдэгт итгээрэй. Шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай.

Өөртөө ЦАГ ЗАВ гарга

Өөрийнхөө хийх дуртай зүйлсийг тогтмол хийх нь таны сэтгэл санааг өөдрөг болгоно. Ажил ихтэй үед өөрийнхөө хийх дуртай зүйлсийг орхигдуулж, найз нөхөдтэйгөө уулзахгүй байх тусам улам сэтгэлээр унах тал бий. Сайхан хөгжим сонсох, дуртай киногоо үзэх, бүжиглэх, зураг зурах, спортоор хичээллэх гэх мэт. Амралт зугаалгаар явж ажил болон орчноосоо нэг хэсэг хөдийрөх нь бас тустай. Амралтгүй удаан хугацаагаар явах нь бие болоод сэтгэлийг тамирдуулдаг гэдгийг бүү мартаарай.

Focus on the Family Mongolia- Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагын

тэргүүн, клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна