Жюү жицүгийн тамирчид эхний өдөр 5 медаль хүртлээ

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр өсвөрийн тамирчдын ДАШТ охидын ангилалд эхэлсэн. АНЭУ-ын нийслэл Абу Даби хотын хамгийн томоохон цэнгэлдэх Мубадала Арена спорт цогцолборт жюү жицүгийн ДАШТ хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд үргэлжилсээр...Эхний өдөр манай улсаас охидын саарал, шар, хөх бүсний ангилалд ний 9 тамирчин хүч үзсэнээс 5 медаль зүүлээ. Охидууд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль зүүсэн амжилттай тэмцээний салхийг хагалж байна. Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга тамирчин Т.Ариунзаяа эхний тойрогтоо оноогоор ялж, 2-р тойрогтоо өчих мэхээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.

Жюү жицүгийн хөх бүсний ангилалд анхны дэлхийн аварга төрөн гарлаа. Эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд хөх бүсний ангилалд Жүдо академийн тамирчин Батмөнхийн Хулан анхны дэлхийн аварга цол хүртлээ. Мөн Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ийн жинд шар бүсний ангилалд Гансүхийн Батцэцэг алтан медаль, 57 кг-ийн жинд саарал бүсний ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Баянжаргалын Батцэцэг мөнгөн медаль, 48 кг-д саарал бүсний ангилалд Архангай аймгийн тамирчин Б.Баасансүрэн мөнгөн медаль, 40 кг-ийн шар бүсний ангилалд Шинэ бадрах дэвжээний Г.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ. Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд манай улсаас өсвөрийн, залуучууд 33 тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөвгүүдийн өрсөлдөөнөөр үргэлжилнэ. Энэ жилийн тэмцээнд 2018 оны дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн шилдгүүд оролцож байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна