АНУ-ын виз хүсэгчдийн сошиал мэдээллийг шалгадаг болжээ

АНУ-д зорчих бүх төрлийн виз хүсэгчдээс энэ сараас эхлэн хувийн сошиал мэдээллийг нь шаардах болсон байна. Визний материалд тухайн хүний сошиал сүлжээний нэр хаяг, сүүлийн таван жил ашигласан идэвхтэй и-мэйл хаяг, утасны дугаар зэргийг хавсаргах шаардлагатай болжээ.

Өмнө нь зөвхөн олон улсын террорист байгууллагуудтай холбоотой байж болзошгүй хүмүүсээс ийм мэдээлэл шаарддаг байсан бол одоо бүх хүнд хамааралтай болж байна. Террорист үйл ажиллагаа явуулах магадлалтай, эсвэл энэ төрлийн бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй гэсэн шалтгаанаар жилд 65 мянган гадны иргэн тус улс руу нэвтэрч чаддаггүй ажээ.

Дипломат болон албан паспорттой виз мэдүүлэгчдэд энэ журам үйлчлэхгүй юм байна. Виз хүсэгчийн мэдээллийн дагуу тухайн хүн сошиал орчинд ямар үйлдэл, зан авир гаргаж байсныг нягтлан шалгаж, энэ нь визний хариуд нөлөөлж магадгүй аж.

АНУ-ын визийн мэдүүлэгт “сошиал сүлжээ хэрэглэдэггүй” гэсэн сонголт байгаа ч энэ нь худлаа байвал ноцтой үр дагаварт хүргэнэ гэж АНУ-ын төрийн департмент анхааруулсан байна. Виз мэдүүлэгчээс сошиал мэдээлэл шаардах саналыг Трампын засаг захиргаа 2018 оны гуравдугаар сард анх гаргаж байсан бөгөөд жилд дунджаар 15 сая гадаадын иргэн тус улсад нэвтрэх виз мэдүүлдэг байна.

Эх сурвалж: VOA

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна